Мэндчилгээ
2018/12/28
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн уурхайчин хамт олондоо, Орхон аймгийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
Улирч буй 2018 онд Эрдэнэтийн овоо ордыг ашиглах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргасны 40 жилийн ой тохиосон онцлог жил байлаа.
Манай баялаг бүтээгч хамт олон энэ онд ихийг төлөвлөн, хийж хэрэгжүүллээ. Түүхт ойн жилээ бид томоохон бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээн авснаар эхлүүлсэн. Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөж, манай компани Монгол улсын эрчим хүчний нэгдсэн системд жинтэй хувь нэмэр оруулсан төдийгүй, цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болсон.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэрийг маань Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнаж, хос одонтой үйлдвэр болсон нь Төр, түмэндээ үнэлэгдсэн баярт үйл явдал байлаа.
Манай хөдөлмөрч хамт олны дундаас Хөдөлмөрийн баатар, гурван гавьяат төрж олон давхар баяр тохиосон сайхан жил боллоо.
Өнгөрсөн хугацаанд явуулсан уулын ажил, геологи хайгуул, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, геологи хайгуулын ажлыг 2016 онтой харьцуулахад 2017 онд хоёр дахин, 2018 онд 3.2 дахин өсгөлөө. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмэгдүүлж, цаашид 60 орчим жил ажиллах боломжтой болсныг тэмдэглэхэд нэн таатай байна.
Үйлдвэрийнхээ тулгын чулууг тавилцаж, идэр насаа уурхайчны амаргүй мөртлөө нэр хүндтэй хөдөлмөрт зориулсан анхдагч, ахмадуудынхаа, амаржаад хүүхдээ асарч буй эмэгтэй ажилтнуудынхаа болон үйлдвэрийнхээ нийт ажилтан ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллалаа.
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад олгодог орон сууцны санхүүгийн дэмжлэгийг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 сая төгрөг болгон нэмэгдүүлснийг дуулгахад таатай байна.
2018 онд компанийн 40 жилийн түүхэнд анх удаа хүдэр боловсруулалтыг 31 сая 500 мянган тоннд хүргэлээ. Мөн хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага түвшинд 0.480 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхэн дээд хэмжээнд буюу 89.5 хувьд хүргэсэн амжилттайгаар шинэ оноо угтаж байна.
2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр борлуулалтын орлогыг 2 их наяд төгрөгт хүргэж, улс орон нутгийн төсөвт 650 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой боллоо.
Манай хамт олон 2019 онд бизнес төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж, 2018 оны үр дүнгээ хадгалж, ахиулахын төлөө хичээн ажиллах болно.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн баялаг бүтээгч хамт олон, үе үеийн уурхайчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг түншүүд, Орхон аймгийн иргэд та бүхэндээ ирж буй 2019 ондоо ажлын өндөр амжилт гаргаж, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.