Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдээс өчигдөр өглөө цагдаагийн алба хаагчид автомашин дотроо нас бараад дөрөв хоносон хүний цогцосыг гарган авчээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс зүүн тийш 100 метр орчмын зайд цасан дунд бусдаас сондгойрон нэгэн хар бараан өнгийн жижиг тэрэг дөрөв хоног огт хөдөлгөөнгүй зогссон байна. Уг автомашиныг анзаарсан өвчтөнүүд эхэндээ ч эвдэрсэн машин байна гэж хоорондоо ярилцаж байжээ. Гэвч дөрөв хоноход байрнаасаа огт хөдлөөгүйн дээр тэр машиныг эргэж тойрж байгаа хүн харагдаагүй учир эмнэлгийн манаачид хэлснээр өчигдөр өглөө цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Ингээд тус эмнэлгийн манаач цагдаад дуудлага өгсөнөөр өчигдөр 09.30 цагийн үед цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ирж, үзлэг шинжилгээ хийж байгаад талийгаачийн цогцсыг гарган шүүх эмнэлэг рүү зөөвөрлөсөн байна.

Хэргийн газарт очсон эх сурвалжийн мэдээлснээр машины хаалга түгжээтэй байсан учраас цагдаа болон эмнэлгийнхэн цогцсыг гаргах гэж нэлээдгүй хугацааг зарцуулсан гэв.

Харин энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Н.Төгсбаяр "Талийгаач 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Амиа алдаад хэр удсаныг Шүүх эмнэлгийнхэн эцэслэн тогтооно. Гэхдээ тэгж олон хоносон гэх мэдээлэл бидэнд ирээгүй. Ил харагдах шарх сорвигүй байсан. Уг хэргийг харъяа дүүргийнх нь Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа" гэсэн юм.

Энэхүү мэдээг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа