Баянзүрх дүүргийн хэмжээнд 42.577 толгой мал өвөлжиж байна
2014/02/18
Зүүн бүсийн гурван аймгийн 10 суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт ихэсч байгаатай холбогдуулан нийслэлийн зарим дүүргийн нутагт бүсчлэн өндөржүүлсэн байдал зарлаад буй.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд нэлээдгүй эрсдэлтэй бүс нутагт оршдог, мөн бусад дүүргээс харьцангүй, мал болон гэрийн тэжээмэл амьтантай иргэд оршдог учраас дүүргийн Засаг даргын 02 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар тус дүүргийн хэмжээнд нийт 42.577 толгой мал өвөлжиж байгаагаас 10, 11, 23, 20, 28, 21,17 дүгээр хорооны 159 өрхийн 2667 үхэр, 1213 хонь, 1690 ямаа, 1920 гахай, 54 шувуу бүгд 7544 толгой мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг хийж, тандалт судалгаанд хамруулсан байна. Үүнээс гадна, 4555 бод, 4673 бог, 2142 гахай нийт 11370 мал, амьтанд шүлхий өвчний вакцинд хамрагдах шаардлагатай байгаа юм аж.
Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар нийт гурван аймгийн 10 суманд 1645 толгой мал өвчилснөөс 1523 үхрийг зориудаар устгажээ. Харин голомтод байгаа нийт 1042357 толгой малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байгаа юм байна.