Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яамны төлөөлөл шинэ коронавирусийн  халдварын нөхцөл байдлын талаар өдөр мэдээлэл өгч байгаа билээ.

Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн. Хоёрдугаар сарын 8-нд тусгаарлагдсан Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 9-нд ирж тусгаарлагдсан /Хөх хот-Улаанбаатар чиглэлээр ирсэн/ сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан ба А хүрээний H3N2 вирус илэрсэн гэх лаборторийн үнэлгээ гарсан.

Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа” гэлээ.

Түүнчлэн БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотын Халиут балгаст коронавирусын хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдсан гэдгийг ЭМЯ-наас мэдэгдэв. Тус газар нь Гашуун сухайт боомтоос 120 км газарт байрлах Халиут хэмээх газар юм. 

Сингапур, Герман улсад тус вирусийн халдвар бүртгэгджээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. 1,566 аж ахуйн нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлүүдийн 80 гаруй байгууллагад зөвлөмж, мэдээлэл хүргэжээ.

ЭМЯ-наас Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм эмнэлэгийн хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслийг худалдан авахаар төлөвлөсөн. Тус ажил энэ долоо хоногтоо багтаан нийлүүлэгдэж дуусах аж. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж манай улсад ирэх юм байна. Маргааш ДЭМБ-аас 500 ширхэг оношлуур ирэхээр болжээ.