Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. 18-нд Туркийн Истанбулаас нэг онгоц хүлээж авна.

Одоо цаг үе ярвигтай нөхцөл байдалд шилжиж байх шиг байна.  

Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо. Испанид л гэхэд 46 хүн гэрийн хорионд орсон байна. АНУ гадаадын иргэдийг авахгүйгээс гадна өөрсдийнхөө иргэдийг авахгүй гэдгээ зарласан гэх мэт гадны улсууд хариу арга хэмжээгээ авч ажиллаж байна.  

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид бид олон удаа онгоц хүлээж авахад их төвөгтэй болж байна. Сая Берлин-Москвагаас ирсэн хүмүүсийн дунд өвчний шинж тэмдэгтэй хүмүүс ирж ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Өөрөөр хэлбэл, эрсдлүүд Европ талаасаа гарч эхлээд буй.

Иймд энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй гэх шийдвэр гаргасан. Зөвхөн ОХУ-аас орж ирж байгаа хүнсний тээвэртэй холбоотой орж ирж байгаа тээврийн жолооч нарыг оруулах асуудал чөлөөтэй үргэлжлэх байх.

Гадаадад нөхцөл байдал хүнд боллоо. Тэр дундаа Европт нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр бидний эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж буйг та бүхэн ойлгох хэрэгтэй" гэлээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн "Цаашид олон нислэг хүлээж авах нь эрсдлийг дагуулж буй учраас магадгүй тодорхой хугацааны дараа энэ хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй байдалд орно.

Гадаадад суугаа Монголчуудад анхааруулж хэлэхэд Монгол Улсын засгийн газар болон УОК-т  та бүхний аюулгүй байдал, эрүүл мэнд хамаатай. Иймд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүднээс та бүхэн маань амьдарч буй газраа аюулгүй байгаарай.

Өнөөдрийн байдлаар бид гурав дахь онгоцоо авна. Нийт 800 орчим иргэн ирж байгаа” гэв.