Богд хааны зарлигаар Дарьгангын Алтан-Овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ой энэ сарын 8-наас 9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Монголд анх удаа уул овооны тахилгыг их тахилга үйлдэлгүй, эрийн гурван наадам хийлгүй Урлаг соёл, шашны цэнгүүн хэлбэрээр зохион байгуулснаараа энэ удаагийн тахилга онцлог болсон юм. Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үндсэн зорилгын хүрээнд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлсэн нь орон нутгийн эрдэмтэн мэргэд, иргэд олон нийтийн зүгээс ирүүлсэн саналд үндэслэсэн болохыг аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэж байлаа.

Гурван өдрийн турш тэмдэглэн өнгөрүүлсэн Алтан-Овооны 100 жилийн ойн үйл ажиллагаа Монголын Соёлын сангаас зохион байгуулж буй “Сувдан сондор-9” аялалын “Ганга нуурын чуулган”-аар эхэлсэн юм. “Сувдан сондор-9” аялалын хүрээнд түүх археологийн чиглэлийн 20 гаруй эрдэмтэн судлаачид Дарьгангын зургаан сумын түүх соёлын дурсгалт газраар аялан судалгаа шинжилгээ хийж байгаа юм. Аялалын хугацаанд багийнхан Хөргийн хөндийд шинэ хүн чулуу нээн илрүүлж, Шилийн богдын өвөрт 30 мод суулган олз омогтой, бүтээл туурвилтай яваа аж.

8 дугаар сарын 8-ны өдөр Дарьганга сумын Соёлын төвд эрдэм шинжилгээний бага хурал болж, Сүхбаатар аймгаас гаралтай хийгээд тус аймагт элэгтэй академич, доктор профессор Д.Цэрэнсодном, Ч.Дугаржав, доктор, профессор Э.Лувсанбалдан, Ц.Жамсран, С.Чулуунхуяг, Г.Мэнд-Ооёо, Б.Сумъяабаатар нарын 20 гаруй эрдэмтэд Дарьганга түмний ёс заншил, амьдрал ахуй, урлаг соёл, түүх дурсгал, археологийн олдворын талаар илтгэл тавьсан нь түүхэн үйл явдлын ач холбогдол, мөн чанар, сургамжийг нийтэд танин мэдрүүлэх, нутаг усаа хайрлан хамгаалах үзлийг батжуулахад чиглэгдсэн чухал ажил болсон юм. Эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд Дарьгангын түүхийг хураангуйлж товчоолсон ном хэвлүүлж, эрдэм шинжилгээний хурлын материалыг эмхэтгэж бүтээл болгон, эрдэмтдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг бодит ажил болгоход анхааран ажиллахаа орон нутгийн удирдлагууд амалсан юм.

Ойн хүрээнд Дарьганга нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр шүлэг, дууны уралдаан зохион байгуулагдаж, Алтан-Овооны энгэрт найргаа дуурсгасан 10 найрагчаас яруу найрагч Г.Бямбажав “Алтан шастирын дуудлагат Дарьганга” шүлгээрээ тэргүүн байранд шалгарч, яруу найрагч О.Цэнд-Аюуш “Алтан Овоо” шүлгээрээ дэд байр, яруу найрагч М.Уянсүх, Л.Торой нар тусгай байранд тус тус шалгарчээ. Дууны уралдаанд Ш.Хүрэлчулуун, А.Батдэлгэр нар “Баян бадрах хайрхан” бүтээлээрээ түрүүлсэн бол Ж.Эрдэнэцогт, Ш.Батсайхан нар “Оргихын булаг”, И.Батсүх, Р.Билэгт нар “Өвгөдийн оршсон нутаг” дуугаараа удаах байруудыг эзэлсэн байна.

8 дугаар сарын 9-ний өдөр Алтан-Овооны эзэн тэнгэрийг баясгах тахилгын судрыг Эрдэнэмандал хийдийн лам нар уншиж айлтгасан байна. Ойн үйл ажиллагаа урлаг соёлын  цэнгүүнээр үргэлжилж “Монгол 108” их цамын тахилга, Дарьганга хошууны зургаан сум болох Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Халзан сумдын урлагийн тоглолт, нутаг нутгийн онцлогийг илтгэсэн үзэсгэлэн, Дарьганга судлалаар гарсан ном, судалгааны бүтээлийн болон Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэж наадамчин олны нүд чихийг баясгасан юм. Хэдийгээр эрийн гурван наадам болоогүй ч газар газраас нутгаа зорьсон Алтан Дарь овоондоо заяагаа даатгаж, сүслэн дээдэлдэг нутгийн зон олон урлаг соёл, эрдэм шинжилгээ, шашны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Сүхбаатар аймгийн Засаг Даргын Тамгын газраас ойг угтан Алтан-Овооны энгэрт Цонжинболдогийн өмнөх талбайгаас 2 дахин том буюу 1000 машины цардмал зогсоол байгуулж, Алтан-Овооны 100 жилийн ойгоо Монголын хамгийн том талбайтайгаар угтсан нь онцлох үйл явдал байсан юм.

А.Баярмаа