МАН, МАХН Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд хамтран  эвсэл болж, оролцох тухай хэлцэлүүд явагдаж буй нь нэгэнт ил болсон билээ.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн МАХН АН-ыг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хувилбар ч яригдаж эхэлжээ.


МАХН-ын Гүйцэтгэх Товчооны гишүүн, Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамьяан ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа : "Н.Энхбаяр дарга эхлээд АН-тай хамтрах нөхцөл боломжийг судал гэж чиглэл өгсөн" хэмээсэн.


Үүний дараахан хуралдсан МАХН-ын 8-р бага чуулган үнэхээр ч МАН-тай эвсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэх эрхийг гүйцэтгэх зөвлөлдөө шилжүүлж, АН-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянан авч үзэх шийдвэр гарсан билээ.
"АН-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хянан авч үзэх" шийдвэр гаргасны дараахан Н.Энхбаярыг клиникийн 2-р эмнэлэгт шилжүүлэх шийдийг Хууль зүйн сайд гаргасан.


Тэгвэл түүнийг УИХ-ын дэд дарга Л.Цогийн удирддаг Улсын Цагаатгалын комисс цагаатгах, эсвэл гадаадад эмчлүүлэхээр явуулахаар хэсэг хүмүүс хөөцөлдөж эхэлсэн байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар хэрэв Н.Энхбаярыг цагаатгах буюу гадаадад эмчлүүлэх шийд гарвал МАХН АН-ыг дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэнэ.

Э.Мягмар