"Зоригтойгоор сурагчийн" дуугаар тоглолт хийсэн МУСТА Хүрэлээ
2019/06/06
Монголын дууны урлагт дан сурагч насны дуугаар бие даасан тоглолт хийсэн дуучин тун ховор. Том хүн сурагчийн алдрыг магтан дуулна гэдэг чамгүй их авьяас шаардагддаг ажил. Тэгвэл энэхүү хүнд жанрыг зоригтойгоор барин авч бүүр бие даасан тоглолт хийсэн дуучин бол МУСТА Хүрэлээ.
Хүмүүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан дурсамжтай үе бол сурагч нас. Энэхүү ариун ертөнцөөр дуучин Хүрэлээ сурагчдыг төдийгүй томчуудыг хүртэл нэгэн үдэш аялуулаад авсан юм. Сурагч, сургууль, багшийн алдрыг магтан дуулсан хуучны шилдэг уран бүтээлийг орчин цагийн жанрт оруулан дуулсан нь үзэгчдэд ихээхэн таалагдаж байв.
Өнгөрөгч сард болсон түүний хоёр дахь бие даасан тоглолт "Мөрөөдлийн зүг" нэртэйгээр үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус тоглолтынхоо үеэр дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ нь Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалсан юм. Тэрбээр тоглолтоо толилуулахын тулд бүтэн хоёр жилийн хугацаанд төлөвлөн, бэлтгэлээ базаасан гэдэг. Энэ нь ч түүнээс төрөн гарч буй уран бүтээлээс ханхалдаг. "Сурагч насны дурсамж" цомгоос эхлээд л тоглолтын бэлтгэлдээ хэдийнээ орсон. Нэг уран бүтээлийг туурвичихаад санаа амардаг дуучин биш бололтой. Заавал нэг бүхэл цөм зүйл болгож байж сая нэг санаа нь амардаг шаргуу хөдөлмөрч уран бүтээлч юм байна.
20-р зууны шилдэг сурагчийн дуунуудаас сэдэвлэн сонгож, зохиогчийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилэн, өвөрмөц хөгжмийн найруулга, өнгө аястай, мэргэжлийн өндөр түвшинд цомгоо бэлтгэн орчин үеийн сурагчдад хүргэсэн. Үүнтэйгээ уялдуулан кино концертыг хүртэл үзэгчдийн хүртээл болгосон авьяаслаг залуу. Одоо л нэг санаа нь амарч буй биз.