Улс төрчдийн шоу: Шатахууны үнэ буулгах, "эргээд нэмэгдэхгүй гэх батлагаа алга"
2019/07/10
Шатахууны үнээ буулгаж шоуддаг улс манайхаас өөр улс алга. Хууль бусаар үнээ нэмчихээд тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж сүрдүүлэн байж "буулгадаг". Өчигдөр их л ажил хийсэн улс шиг царайлж шатахууны үнэ 110 төгрөгөөр буурлаа гэж мэдэгдэв.
Угтаа бол энэ он гарсаар хэд хэдэн удаа нэмэгдсэн. Үнээ нэмсэн шигээ "хурдан үнээ буулгана" гэж үгүй. Тэгээд үнэ буулгачихаараа бөөн шоу.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "2019 оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад А-80 болон АИ-92 шатахууны хилийн үнэ тонн тутамд 52 ам.доллар, дизель түлшийн хувьд 1 ам.доллараар буурсан байна. Хилийн үнэ буурсантай холбоотойгоор жижиглэнгийн үнийг бууруулах шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Шатахууны үнийн зөвлөлийн зөвлөмж зургаадугаар сарын 4-нд гарч, зөвлөмжийн дагуу зарим ААН шатахууны үнээ бууруулсан. Харин зарим нь бууруулахгүй байна. Тиймээс бид үнээ буулгаагүй ААН-үүдэд шаардлага хүргүүлж байгаа. Зургаадугаар сарын 17-н гэхэд үнээ буулгаагүй тохиолдолд тухайн ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгуулах саналаа УУХҮЯ-нд өгнө" гэж өнөөдрөөс яг нэг сарын өмнө мэдэгдсэн.
Тэгвэл өчигдөр Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газраас өнгөрсөн сард амласан ёсоор энэ сард шатахууны үнийг сарын хугацаанд 100 орчим төгрөгөөр буулгаж ажиллаа. Мөн дизель түлшний үнийг шалтгаангүйгээр 40 орчим төгрөгөөр нэмэгдүүлсэн аж ахуй нэгж компаниудад хатуу сануулга өгч мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв дахин ийм зөрчил гаргавал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Он гарснаар гурав, дөрөв, тавдугаар сард А92 шатахууны үнэ литр тутамдаа 180-200 төгрөгөөр өссөн нь дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркийн газрын тосны үнэ өссөнтэй холбоотой. Цаашид ч бас газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Энэ өсөлт наймдугаар сараас ажиглагдана” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Харин энэ сарын эхээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар А92, А95 шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буулгасан. Ингээд нийт А92 шатахууны үнийг 6, 7 дугаар сард нийлээд 100-110 төгрөгөөр, А95 шатахууны үнийг 50 төгрөгөөр буусныг мэдэгдэж байсан удаатай.
Төрийн оролцоотой шатахууны үнийг буулгаж байна. Энэ нь эргээд улс төрчдийн шоуны нэг "сэдэв" болчих вий дээ. Гэтэл баяр наадмын дараа шатахууны үнийг эргэн нэмэгдэнэ гэх шуум чих дэлслээ. Тодруулбал, энэ сарын 08-наас эхлэн А92, А95 шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгасан бол зургадугаар сарын дунд үеэс мөн 50 төгрөгөөр тус тус бууруулсан. Долдугаар сарын байдлаар “Брэнт” маркын газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр 64.00 ам.долларын үнэтэй байна. Он гарснаар тасралтгүй өссөн газрын тосны ханшийн үнэ манай улсад наймдугаар сараар мэдэгдэж эхлэх нь. Учир нь үнэ буурсан болон өссөн бүтээгдэхүүн нь дараа сардаа орж ирдэг аж. Үүнээс харахад, эргээд шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх батлагаа алга.