Улсын хэмжээнд ажилгүйчүүдийн эгнээг ид хөдөлмөрлөх насныхан тэлсээр байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны долдугаар сарын эцэст 32.9 мянга, үүнээс 22.4  мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5  мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 106 хүнээр, өмнөх сараас 631 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.1 мянга нь Улаанбаатарт, 6.3  мянга нь Хангайн бүсэд, 3.8 мянга нь Баруун бүсэд, 3.0  мянга нь Төвийн бүсэд, 2.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 426 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 222  нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 7 сард ажилгүй 45.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 36.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.5 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.9 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 91 хүнээр өсчээ.



Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 7 дугаар сард 6272 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 57.0 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд аж.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 7 дугаар сарын эцэст 49.3 хувийг бүрэн дунд, 27.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.3 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

 



Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Орхон, Завхан, Архангай, Дорноговь, Өвөрхангай, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.5-17.0 пунктээр илүү байгааг үндэсний статистикийн хорооноос гаргав.

Түүнчлэн өрхийн орлого, зарлага нэмэгджээ. Тодруулбал, хоёрдугаар улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт гэнэ. Үүнд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300001-500000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна. Тэгвэл нэг өрхийн сарын дундаж зарлагын хэмжээ 1.2 сая төгрөг байгаа юм байна.

Зарлага өмнөх оны мөн үеэс 105.9 мянган төгрөгөөр өсчээ. Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянгаар, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгджээ.