Жил бүрийн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд иргэд эх орны үржил шимт хөрсөнд ургасан бүтээгдэхүүн болон үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг дундын зуучлалгүйгээр худалдан авах хүсэл эрмэлзэлтэйгээр үзэсгэлэн худалдааг зорьдог. Энэ ч үүднээс орон нутаг болон нийслэлийн хүнсний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг хувь хүн аж ахуй нэгжүүд хэрэглэгчдэдээ эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаанд борлуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээ танилцуулах зорилгоор оролцдог уламжлал тогтоод 14 жилийн нүүрийг үзсэн байна.

 

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатай энэ жилийн үзэсгэлэн худалдаа атар газар эзэмшсэний 60 жилийн ой болж байгаатай холбоотойгоор өнгөрсөн жилүүдийн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанаас онцлогтой болж байгаа.Үзэсгэлэн худалдааны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 19 ны өдөр “Мишээл экспо”-д болсон. Уг арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадны төлөөлөгчдийн хамт ирж үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд, хувь иргэдийн бүтээгдэхүүний онцлог давуу чанартай танилцсан. Уг үзэсгэлэнд хүнсний ногооны 250 тариаланчид, гурил, гурилан бүтээгдэхүүний таван үйлдвэрлэгчид болон нийтдээ 78 үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд энэ жилийн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд оролцож байна.

 

 

Үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр” ХК-ийн хувьд жил бүрийн “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээнд өндөр ач холбогдол өгөн оролцдог. Энэ жилийн хувьд Атар газар эзэмшсэний 60 жилийн ой болж байгаа болон хурим найрын сар болж байгаатай холбогдуулан Монгол гэрийн хэв шинжийг харуулсан үзэсгэлэнгийн талбайг бэлдсэнээс гаднаа уламжлалт аргаар бэлтгэн боловсруулдаг чаналгын “Түмэн насан” хэвийн боовны онцлогт төрлөөр оролцож байна. Түмэн насан хэвийн боовны хувьд худалдаанд гарсан цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд хүрсэн. Энэ үүднээс Түмэн насан хэвийн боовоо хурим найр, үсний найр, цолны найр хэмээн онцлон үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээр болж байгаа юм байна.