Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар өнөөдөр буюу 10 дугаар сарын 11-нд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэллээ. Монгол улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 98 жил, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд тэмдэглэн өнгөрүүлсэний 59 жилийн ой энэ онд тохиож байна. Үйлдвэрийн үндсэн цехүүд дундаас хамгийн олон орос ажилтантай Баяжуулах үйлдвэрийн 50-иад орос мэргэжилтэн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ өдөр залуу уран бүтээлчид “Эрдэнэтийн уянга”, “Подмосковные вечера” дуугаар ая дууны мэнд дэвшүүлэн, орос ажилтнуудын дунд “Монгол орныг хэн сайн мэдэх вэ” уралдаант цэнгээнт  нэвтрүүлэг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм. Түүнчлэн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Хүний нөөцийн тэргүүлэх менежер Т.Тунгалагтамир, Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Оросын мэргэжилтэн Галькин С.М, Козорез А.В, Вермишян С.Б нарт Монгол-Оросын найрамдлын дурсгалын тэмдэг гардууллаа. Энэ үеэр, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нийт уурхайчдыг хамтын ажиллагааны өдрүүдэд идэвхтэй оролцохыг уриалан, эвийн билэгдлээр бүтээн байгуулсан Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа нийт Орос мэргэжилтнүүддээ баярын мэнд дэвшүүлсэн. 

 

 

 

 

 

 

 

Орхон аймаг дахь Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Б.МАЖИНБУУ: ХАЛХ ГОЛЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ОНЦОЛНО
 

 

   - Хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
   - Жил бүрийн ажил өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ жил Халх голын түүхт 80 жилийн ойн арга хэмжээ, түүний эргэн торйонд өрнөсөн үйл явдлын мэдээллийг түлхүү өгөхөөр зорьж байна. Соёл, спорт, урлагийн тоглолтууд, монгол, орос дуу, шүлгийн уралдаан тэмцээн зохион байгуулна. ОХУ-ын Соёлын яамтай хамтран кино жүжигчдийг урьсан. Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн тухай гэрэл зургийн болон Халх голын дайны талаарх номын үзэсгэлэнг тус тус зохионо. Мөн сарын аяны хүрээнд Халх голын музейн эрхлэгч, СГЗ Мягмарсүрэн Эрдэнэт хотод ирэх болсныг энэ дашрамд дуулгая.
 

   - Найрамдал, хамтын ажиллагааны сар хэдий үеэс эхэлсэн бэ?
   - Хамтын ажиллагааны сарыг 1990 он хүртэл Монгол-Зөвлөлтийн, 1990 оноос хойш Монгол-Оросын найрамдлын сарын ажил, сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны сар хэмээн нэрийдэж, орон даяар олон ажил зохион байгуулж байна. Эрдэнэт хотыг Булган аймгийн Эрдэнэт хороо байх үеэс сарын ажлыг тэмдэглэн, Монгол-Зөвлөлтийн найрамдлыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд түлхэц болж байлаа. Энэ жил Халх голын байлдааны 80 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр 100 гаруй ажилтнаа төлөөлөл болгон Халхын голын баярт оролцууллаа. Үүнийг хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны нэг томоохон илрэл гэж хэлж болох юм. Сарын аян маань ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

 

 

Хүний нөөцийн тэргүүлэх менежер Т.ТУНГАЛАГТАМИР: УЛАМЖЛАЛАА ЗАЛУУЧУУДДАА ӨВЛҮҮЛНЭ

 

   - Баяжуулах үйлдвэрт өнөөдрийн байдлаар хичнээн орос мэргэжилтэн ажиллаж байна вэ?
   - Манай цех 50 орчим орос ажилтантай. Баяжуулах үйлдвэр маань Монгол-Оросын найрамдлын, ахан дүүсийн билэгдэл болсон хамт олон. Тиймээс ч баярын өдрүүдийг хамт олноороо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөөдөр оросын мэргэжилтнүүддээ зориулсан үйл ажиллагааг зохион байгууллаа. Харин монгол ажилчдынхаа дунд “Орос орныг хэн сайн мэдэх вэ”, Эмэгтэйчүүдийн зөвлөлтэйгээ хамтран “Таны гал тогоо” уралдааныг зохион явуулна. Энэхүү олон жилийн уламжлалаа залуучууддаа өвлүүлэх, хэний хүч хөдөлмөрөөр Эрдэнэт үйлдвэр өдий зэрэгт хүрснийг хойч үеийнхэндээ ойлгуулъя гэдэг үүднээс төлөвлөгөөт ажлуудаа зохион байгуулах болно. Манай цехийн хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд нийт ажилчдын 40 гаруй хувь нь залуу боловсон хүчнээр шинэчлэгдэж, 0-5 хүртэл жил ажиллаж байгаа 380 ажилтантай болсон.
 
   - Орос мэргэжилтнүүд маань дурсгалын тэмдэг аваад их баярлаж байна. Хамт олонтойгоо баяраа хуваалцах сайхан байгаа байх?
   - Орос мэргэжилтнүүд маань авьяас, ур чадвар, мэдлэгээ монгол залууст өвлүүлж, олон жил Баяжуулах үйлдвэртээ ажиллаж байна. Мэргэжилтэн Галькин гармон хөгжмөөр маш сайхан тоглодог. Тэр чадвараараа зөвхөн Баяжуулах үйлдвэр төдийгүй Эрдэнэт үйлдвэрийн нэрийн өмнөөс урлагийн тайзнаа олонтаа гарч, шавь нараа сургаж бэлтгэсэн. Козорез, Вермишян нар маань хоккейн спортоор хичээллэж, бас л олон шавьтай болсон. Ажил мэргэжилдээ өндөр ур чадвартай эдгээр мэргэжилтнүүдээ дурсгалын тэмдэг авсанд баяртай байна. 

 

 

Оросын мэргэжилтэн Галькин С.М: БИ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ 2 ДАХЬ УДААГАА ТОМИЛОЛТООР ИРСЭН
 

 

   - Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцана уу? Монгол хэлээр ярьж сурахад хэцүү байв уу?
   - Миний бие 1990 оноос хойш 26 дахь жилдээ, Эрдэнэт үйлдвэрт 2 дахь удаагаа томилолтоор ирж ажиллаж байна. Бригадынхан дундаа монгол хэлээр ярилцаж, ойлголцож байгаа. Олон жил энэ үйлдвэртээ ажилласан болохоор сэтгэгдэл их өндөр явдаг. 

 

И.Чинтогтох

Фото: Ш.Лхамсүрэн