Зэсийн үнэ уруудсаар байна. Энэ металлыг дэлхийн шинжээчид доктор зэс гэж тодотгодог нь цаанаа учиртай. Хямралын хамгийн бодит индикатор гэдэг утгаар нь ийн онцолдог юм. Тэгэхээр хямрал ойрхон байна гэсэн шинжээчдийн таамаг биелж мэдэх нөхцөл үүсчихсэн гэсэн үг. Дэлхийн худалдааны дайныг эхлүүлсэн Трамп, Си хоёрын харилцаа таагүй хэвээр үргэлжилж буй нь хямралын хамгийн том шалтгаан гэж ярих эдийн засагч олон байна. Урд хөршийн хувьд эдийн засаг нь дажгүй яваа статистикууд дуулдаж буй ч барууныханд “Хятадууд эдийн засгийн үзүүлэлтүүдээ нуугаад байна” гэсэн хар аль хэдийнэ төрөөд эхэлчихсэн. Үүний наад захын жишээ нь автомашины үйлдвэрлэлийнх нь бууралт гэх мэт тайлбар, шалтгаан хөвөрч буй.

Худалдааны дайны нөгөө тал болсон АНУ-ын хувьд ч байдал таатай биш байна. Тус улсын аж үйлдвэрийн салбарын гол хэмжүүр болсон индекс 2016 оноос хойших доод цэгтээ хүрсэн гэх мэдээлэл ил болоод буй. Европ ч тайван биш байгаа. Наад захын шалтгаан нь брексит. Англи Европын холбооноос гарвал өнөөдөр ч таагүй байгаа Европын нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн таамаг бий. Төдийгөөс өдий хүртэл ганхаагүй, эдийн засгийн өсөлт нь урт хугацаанд тогтвортой яваа Хятадын тухайд байдал таагүй болсон талаар өмнө цухас дурдсан. Ямартаа ч ДНБ-ий өсөлт нь 2012 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрсэн гэх мэдээлэл дуулдаад байна. Хэрвээ эдийн засгийн үзүүлэлтээ өсгөж мэдээлээд яваа гэсэн барууныхны хар үнэн бол үүнээс ч муу зураг ажиглагдаж мэдэхээр байгаа юм.

Газрын тосны зах зээлийн савлагаа ч дэлхийн эдийн засагт таатай биш нөлөө үзүүлнэ гэсэн таамаг дуулдаад удаж байна.

Хар алтны зах зээл цаашид хэрхэх нь тодорхой бус байгаа юм. АНУ, Ираны харилцаа хаашаа ч эргэж мэднэ гэсэн болгоомжлол бий. Нэг талд газрын тосны үнийг бууруулахгүй гэсэн Трампын тоглолт, нөгөө талд доллар олдог гол суваг болсон бүтээгдэхүүнийхээ ханшийг өсгөх сонирхолтой ОПЕК-ийн орнуудын элдэв сэдэл энэ зах зээлийг савлуулсаар байна гэсэн таамгийг шинжээчид онцолж буй.

Газрын тосны ханш галзуурвал таатай бишээр нөлөөлөх улсуудын нэг бол манайх. Тэгэхээр бидний хувьд газрын тосны зах зээл дэх тоглолтуудыг анхааралтайгаар ажиглаж суухаас аргагүй гэсэн үг.

Урд хөршийн тухайд худалдааны дайны сөрөг нөлөө аль хэдийнэ илрээд эхэлчихсэн бол хойд хөршийн эдийн засагт ч гялтайх эерэг зүйл ховор байна. Барууны хоригт ороод зургаа дахь жилээ туулж яваа Оросын дотоод эдийн засаг таатай биш байгаа. Москвачуудын талхны хэрэглээний багагүй хувийг дангаараа хангадаг талхны үйлдвэрийн ажилчид ажлаа хаяж, шуугиан болж байсан бол саявтар гэхэд л Москвад эрх баригчдынхаа шударга бус шийдвэр, хандлагын эсрэг жагсаал цуглаан газар авсныг уншигчид санаж суугаа байх.

Эдийн засаг нь давгүй өнгөтэй яваа их гүрэн гэвэл өнөөхөндөө Энэтхэг л байна. Энэтхэг дажгүй байлаа гэхэд дэлхийн эдийн засагт нөлөөлөх дайны өндөр эрэлт үүсгэх боломжгүй, цэнхэр гаригийн эдийн засаг тэлэх дайны шалтгаан болохгүй гэсэн таамгийг эдийн засагчид онцолж байна. Бид хямрал айсуй сураг хэр бодитой, хямралаас хүндрэл хохирол багатай гарахын тулд яах ёстой талаар эдийн засагчдын байр суурийг сонирхсон юм.

Ч.ОТГОЧУЛУУ: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙЖ Л ХЯМРАЛААС МЭНД ГАРНА

(Эдийн засагч)

-Дэлхийн эдийн засгийн хямрал айсуй гэсэн таамаг давтамжтай дуулдаж байна. Хямрал үнэхээр хаалга тогшиж байна уу?

-Эдийн засгийн өсөлт хасахтай гарахыг хямрал гэдэг. Гурван улирал дараалан хасахтай гарахыг албан ёсоор хямарч байна гэж үздэг. Германы эдийн засаг эхний хагас жилээр хасахтай гарчихсан. Намар, өвөл огцом сайжирна гэсэн хүлээлт алга. Герман бол Европын эдийн засгийн хамгийн том нь. Европын толь. Хоёрт зэсийн үнэ бага байна. Энэ нь дэлхийн эдийн засаг нэлээд саарсан, хямрал руу ойртож буйг харуулсан үзүүлэлт. Америк, Хятадын худалдааны дайн үнэхээр том нөлөө үзүүлж байгаа.

-Хямрал боллоо гэхэд эдийн засгаа аятайхан аваад гарчих ямар гарц шийдэл байна?

-Төсвийн сахилга батад анхаарах хэрэгтэй. Өрөө дараад, зээлжих зэрэглэлээ сайжруулах хэрэгтэй. Ихэнх орнууд хямралын эсрэг хүүгээ бууруулах арга хэмжээ авдаг. Гэтэл манай хувьд ингэх амар биш. Хүү бууруулах орон зай бараг алга. Энэ тохиолдолд нэг л гарц бий. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь дэлхийн эдийн засаг унахаар зэс, нүүрсний үнэ унаж таарна. Өөрөөр хэлбэл, орж ирэх долларын хэмжээ багасна гэсэн үг. Улсын нэрээр зээл авах боломж бага байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт л чухал байна.

-2007, 2008 оны хямралыг хөнгөхөн даваад гарсан шалтгаан нь урд хөршийн таатай нөхцөл байсан байх аа?

-Өмнөх хямралаар Америк эдийн засгаа сэргээхэд нэлээд мөнгө зарцуулсан. Хятадууд тэрийг нь дуурайгаад Америкаас дутуугүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн л дээ. Аль, аль нь зээлийн санхүүжилт ашигласан юм. Хятадын эдийн засаг сэргээд ирэхээр манайд харьцангуй эерэгээр нөлөөлсөн.

-Урд хөршийн эдийн засаг таатай байвал бид алзахгүй. Одоо тийм боломж байна уу?

-Одоо тийм боломж харагдахгүй байна. Өмнөх хямралаар урд хөрш зээлээр эдийн засгаа тэлж чадсан бол өнөөдөр зээлийн боломж хумигдсан гэсэн бодит шалтгаан бий. Өмнөхөөсөө илүү хүндрэх магадлал өндөр гэж ойлгож болно.

-Тэгвэл бидэнд байгаа боломж гэвэл та юуг онцлох вэ?

-Худалдааны дайны нөлөөгөөр Хятад улс барууны улсуудаас зэс, нүүрс, төмөр авахаа бууруулаад байвал бидэнд боломж гарч болох юм. Энэ оны худалдааны дайнд нэг онцлог бий л дээ. Үзэл суртлын бага зэргийн өрсөлдөөн яваад байгаа. Өөрөөр хэлбэл Хятадад түүхий эд нийлүүлдэг зарим улс Америктай ойрхон байгаа. Газрын ховор элемент бидэнд байгаа бас нэг боломж. Учир нь Хятад өөрөө газрын ховор элемент экспортолдог орон. Худалдааны дайны нөлөөгөөр, хэлэлцээрт давуу тал олж авахын тулд экспортоо бууруулах магадлал өндөр. Хэрвээ ийм байдал үүсвэл зөрүүлээд хөрөнгө оруулалт татах боломж бидэнд бий. Хамгийн том боломж гэвэл барилгын салбар байж болно. Экспортоос нэг их хамаарахгүй салбар. Дотооддоо барилгын салбараа идэвхжүүлэхэд боломж бий. Гэр хорооллын иргэдийн нийгмийн даатгал дахь мөнгийг нь урьдчилгаанд тооцуулдаг болгох гэх мэтээр дотоод нөөц боломжоо ашиглах гарц байгаа. Банкуудад асар их хэмжээний илүүдэл эх үүсвэр бий гэсэн мэдээлэл бий шүү дээ. Тэр их мөнгийг хаашаа оруулахаа мэдэхгүй байгаа тухай мэдээлэл байсхийгээд цацагддаг. Ямар сайндаа л төв банкны үнэт цаас долоон их наяд гарах вэ дээ, өнгөрсөн жил. Тэгэхээр нэг талдаа банкуудад ийм боломж байна. Нөгөө талд эрэлт байна. Тиймээс энэ салбарт ухаалаг зохицуулалт хийгээд зах зээлээ тэлэх гарц байгаа. Хямралын нөлөөгөөр доллар үнэд орчихно. Тэр утгаараа хүнсний ч юмуу, дотоодод үйлдвэрлэх боломжтой импортыг орлох хэмжээний бүтээгдэхүүний зах зээл гарч ирж болох юм. Гэхдээ үүнд болгоомжтой хандах хэрэгтэй. Зах зээлийнхээ жамаар байх учиртай. Эцэст нь дахин онцлоход гол боломж бол ерөөсөө л экспорт.

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ЖИЛИЙН ДАРАА ХЯМРАЛЫН ШИНЖ ТЭМДЭГ МЭДРЭГДЭЖ БОЛЗОШГҮЙ

(СЭЗИС-ийн багш, эдийн засагч)

-Дэлхийн эдийн засаг удахгүй хямрал ажиглагдана гэж шинжээчид таамаглацгаагаад эхэллээ. Энэ хэр бодитой таамаг вэ?

-Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 2008-2009 оны хямралаас хойш нэлээд тогтвортой өсөлттэй явж ирсэн гэж бид хувьдаа үзэж байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн индексүүд зэрэг санхүүгийн гол индикаторуудаар харагддаг л даа. Сүүлийн жил гаруй хугацаанд дэлхийн эдийн засагт удахгүй хямрал нүүрлэх тухай ярьж байна. Дэлхийн эдийн засгийн том чуулган дээр хүртэл энэ асуудлыг гол сэдэв болгож удахгүй хямрал болох тухай асуудлыг хөндөн ярилцсан. Сонирхолтой нь яг хямрал болно гэдгийг илэрхийлэх үзүүлэлт одоогоор илрээгүй гэж би хувьдаа харж байна. Дэлхийн эдийн засаг гурав түүнээс дээш хувьтай өссөн хэвээр яваа. Тиймээс таны асуусан таамаглалын тухайд урьдчилсан байдалтай болгоомжилсон хэв шинжтэй зүйл гэж харж байна.

-Хямрал ирж болзошгүй шинж тэмдэг анзаарагдахгүй байна гэсэн үг үү?

-Шууд тэгж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хямрал ирж болзошгүй гэсэн урьдач зүйлс бол бий. Нэгдүгээрт, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал өмнөх зуунтай харьцуулахад асар их интеграци бүхий болсон. Энэ нь глобалчлал болон технолгийн хөгжилтэй холбоотой. Хоёрдугаарт, 2009 оноос хойш эдийн засаг нэлээд тэлсэн. Ингэж тэлсэн байдал 10 орчим жил үргэлжлээд байна. Гуравдугаарт, дэлхийн эдийн засагт худалдааны дайн, их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, брексит гэх мэт эрсдэлүүд бий болчихсон. Энэ бүхнээс хамгийн гол нь худалдааны дайн. АНУ худалдааны маргаан, хоригийн асуудлыг зөвхөн БНХАУ-тай төдийгүй Европ, ОХУ, Ойрхи Дорнод чиглэлд өргөжүүлэх хандлагатай байгаа явдал болгоомжлол төрүүлж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол түүчээ болох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүчтэй саарч буй явдал анхаарах асуудал болоод байна.

-Таны хэлсэн шалтгаанууд зарим байгууллагыг дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх өмнө хэлсэн таамгаа бууруулахад хүргэсэн байх аа?

-Тэгсэн. Сая хэлсэн шалтгаануудаас болоод дэлхийн томоохон байгууллагууд дэлхийн эдийн өсөлтийн таамгаа бууруулж байгаа. Саяхан АНУ-ын Холбооны нөөцийн банк болон Европын гол төв банкууд бодлогын хүүгээ буурууллаа. Энэ бүгдээс үзвэл ойрын хугацаанд биш юм аа гэхэд жилийн дараагаас хямралын шинж тэмдэг мэдрэгдэж болзошгүй.

-Хямрал ирлээ гэж бодъё. Тэр үед хэцүүдэхгүйн тулд бид яах ёстой вэ?

-Хамгийн гол эрсдэл нь хямрал болно гэж яриад суугаа хэрнээ бид бэлтгэлгүй байна. Хэрвээ дэлхийг хамарсан эдийн засгийн сөрөг нөхцөл байдал үүсвэл хамгийн түрүүний хохирогч болох улс нь бид. Хямрал бидэнд эрдсийн үнээр дамжиж шууд нөлөөлнө. Тодруулж хэлбэл, санхүүгийн урсгал саарах байдлаар шууд нөлөөлөх эрсдэлтэй. Ийм эрсдэлтэй нүүр тулбал эдийн засгийн өсөлт саарч 2014-2016 оны нөхцөл байдал давтагдах сөрөг талтай. Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал сөрөг болсноор бид төлөх учиртай өрнийхөө өмнө томоохон асуудалд орж мэднэ. Гэтэл бодит байдал дээрээ бид өрийг өрөөр төлөхөөс өөр аргагүй байгаа нь харамсалтай. Хямрал болсон тохиолдолд энэ боломж хаагдах эрсдэл бий.

Бид өнөөдөр эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлттэй байгаа боловч энэ нь тийм баталгаатай, тогтвортой зүйл биш. Иймээс хямрал болох эсэхээс үл хамаарч эрсдэлээс хамгаалах удирдлагыг сонгох нь зүйтэй. Үүний тулд төсвийн чанд, хэмнэлттэй, оновчтой бодлого явуулах, өрийн удирдлагын идэвхтэй арга замыг эрэлхийлэх, эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүдийг яаравчлах зэрэг арга хэмжээг авах ёстой. Гэхдээ төрийн хийж байгаа үйлдлүүдийг харахад харьцангуй идэвхгүй, тайван байдалтай байна.

 

www.dnn.mn