Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд концесс нэрээр хувьдаа завшдаг
2019/10/14
Сар гаруй хугацааны дараа Монгол Улсын нэгдсэн төсвийг батлана. Монгол Улсын төсвийн орлого жилээс жилд өсч байгаа ч хүн амын дундах ажилгүйдэл, ядуурал буурахгүй, улсын гадаад өр жилээс жилд нэмэгдсээр байна.
Энэ нь улсын төсвийг ард иргэд, нийтийн эрх ашгийн төлөө зориулахгүй УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо мөнгө төсөвлөж, түүнийгээ өөрсдийн шахааны бизнес болгож байгаатай холбоотой хэмээн төсөвт хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагынхан үзэж байна.
Тухайлбал, концесс нэрээр УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа санхүүжилт авч хувьдаа завшсанаас энэ байдал үүссэн гэдгийг тодотгож байв. Барих, эрх шилжүүлэх нэрээр энэ оны төсөвт нийт нэг их наяд 73 тэрбум төгрөг суулгажээ.
Өнгөрсөн оны төсөвт концессийн төлбөр их наяд давж байгаагүй. 2019 онд гэхэд 518.4 тэрбум төгрөг байсныг ирэх онд ийнхүү хоёр дахин нэмжээ. Энэ нь сонгууль угтаж улстөрчид өөрсдийн тойрогтоо бүтээн байгуулалт хийх нэрээр мөнгө авах гэж буй үйлдэл хэмээн ТАН-эвслийн зохицуулагч Б.Баярмаа мэдэгдсэн юм. УИХ дотор концесчин, тендерчин гэгддэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл” төслийн хүрээнд ирэх оны төсвөөс 30.5 тэрбум төгрөг авахаар 2017 онд эхлүүлсэн төсөвт өртгийг 3.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 81.8 тэрбум төгрөг байхаар оруулж иржээ.
Мөн Сангийн сайд эрх мэдлийнхээ хүрээнд Сонгино сум Хяргас нуурын зүүн чиглэлд 136.5 км хатуу хучилттай замын төсөлд 231.2 тэрбум төгрөг тусгаж, 130 тэрбум төгрөгийг нь ирэх онд авахаар төсөвт оруулж ирсэн байна. Энэ мэт идэх мөнгөө төсөвт суулгадаг бүлэг хулгайчид улстөрд байдаг гэдгийг Монгол Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан хэлснийг хэвлэл мэдээллээр онцолсон байдаг.
Олрн улсад концесийг хэрэгжүүлэхдээ барих, ашиглах шилжүүлэх буюу тухайн компани өөрийн хөрөнгөөр барьсан бүтээн байгуулалтад ашиглаад хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрд шилжүүлэх зарчмаар явдаг. Харин манай улсын хувьд компани өөрийн хөрөнгөөр барьж шууд төрд шилжүүлж мөнгөө буцааж авах зарчмаар хэрэгжүүлдэг нь улстөрчид концессоор мөнгө олох том завшаан болдог юм байна. Улстөрчид том идэхийн тулд ард иргэдэд тал засч бэлэг тарааж, уулзалт цуглаан ихээр хийдэг. Гэхдээ үүнд зарцуулагдаж байгаа бүх мөнгө иргэдийн мөнгө гэдгийг иргэд мэддэггүй учраас улстөрчид миний, таны мөнгөөр бидэнд бэлэг өгөөд явдаг байдлыг зогсоох тал дээр иргэдийн оролцоо чухал байгааг иргэний нийгмийн төлөөлөл “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын тэргүүн Ч.Сосормаа, “Төлсөн авснаа нийтэл” эвслийн зохицуулагч Б.Баярмаа нар хэлсэн.
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин