Хүмүүнлэг, энэрэнгүй зан чанар, ёс суртахуунаар нүүдэлчид илүүрхэж, үлгэрлэсээр иржээ

Дэлхийн бүх хүн амын өвөг дээдэс нь нүүдэлчид, анчид билээ. Ингэхлээр нүүдэлчдийн бүтээсэн өвөг соёлыг л суурьшсан иргэд цааш цааш нь, өөр өөрсдийнхөөрөө хөгжүүлжээ. 

Дэлхийгээр нэг тархсан хүмүүс эхэн үедээ ойр хоорондоо бараг л ямар ч харилцаагүй байжээ. Харин угсаатан улсууд үүсэж, нутаг дэвсгэр, хил хязгаар, төр ёс тогтсоноор цэрэг-дайны үйл ажиллагаа эхэлж тусгаар улсууд хоорондын харилцаа элдэв өнгө аястайгаар хөгжих болжээ. Тэгэвч тэр цагийн холбоо харилцааны хэлбэр, хурд, хүчин чадлаас шалтгаалан ард түмнүүд нэгнийгээ таньж мэдэх үйл явц хэдэн мянган жилийн туршид тун ч удаан, үр дүн муутай явагджээ. Олон хэлний нүүдэлчдийн талаарх мэдээлэл, мэдлэг суурин иргэд, хот улсуудын хүн амд бараг байсангүй. Тэр дундаас Төв Азийн өндөрлөг, говь цөл, Сибирийн их ой хөвчид нүүдэллэн аж төрж байсан хүмүүсийн талаарх мэдлэг, мэдээлэл Европын улсуудад ер алга байв. Ийм харанхуй байдал бүр XIII зууны дунд, эцэс хүртэл үргэлжилжээ. Чингис хааны эхлүүлсэн их аян дайны эхэн, дунд, эцэст ч гэсэн Европын олон орон чухам хаанахын хэнд эзлэгдээд байгаагаа ч тов тодорхой таньж мэдээгүй хэвээрээ байжээ. XIII зууны олон хэлний нүүдэлчдийг хэл, соёл, газар нутаг, хил хязгаараар нь ялгаж салгасан мэдлэг, мэдээлэл европуудад байсангүй. Иймээс тэд Чингисийн эзэнт гүрний дайчдыг нэлэнхүйд нь татарууд, зэрлэгүүд хэмээн нэрлэж байлаа. 

Олон мянган километр зам туулж аяншиж ядарсан, үс сахал нь ургаж сэгсийсэн, тоос шороо, хир буртагт баригдсан, алаан тулаан хийж зэрлэгшсэн цэрэг эрсийн байр байдал, зүс царайгаар л европчууд анх монголчуудыг үзэж, үнэлэх болсон байна. Үзэн ядах, жигших, хүмүүн бусаар ойлгох, үнэлэх, ихэд гажсан төсөөлөл монголчуудын талаар анх ингэж буй болжээ. Иймэрхүү байдлаар эхэлсэн онцын таагүй, бүр жигшиж зэвүүцсэн үзэл, хандлага жирийн олон түмний ердийн ухамсрын түвшинд бүрэлдээд олон зуун жил амь бөхтэй оршсоор ирсэн байна. Энэ нь ч бас аргагүй юм. 

 

Монголчуудын хийсэн аян дайны гол шалтгаан, зорилго, сайн ба муу үр дагаврын талаарх иж бүрэн судалгаа өнөөг хүртэл ер хийгдсэнгүй. Монголчууд хэрэг дээрээ ямар ард түмэн болохыг хэн ч жинхнээсээ сонирхсонгүй. Бүгд л “булаан эзлэх дээрмийн дайн” хэмээсэн үг, үнэлгээнд ховсдуулсан юм шиг байсаар 800 жилийг өнгөрөөжээ. Гэвч Их Монгол улсын нутаг дэвсгэрээр зорчин явсан, Хархорум хотод ирж үзсэн, хожуухан нь Их Юань гүрний хотуудаар аялсан европ хүмүүс монголчуудын ахуй, соёл, урлаг, найрсаг зочломхой зан, чигч шулуун ааш авир, ахас ихсийг хүндлэх заншил, бүх шашинд ижил тэгш ханддаг байдал, монгол хүний цагаан цайлган, хүмүүнлэг энэрэнгүй сэтгэл зэргийг магтан бичиж, дурсаж, нүүдэлчдийн ахуй, соёлын өвөрмөц байдлыг Европт сурталчилж байжээ. Бүүр хожуу цагт Марко Пологийн дурсамжинд хүртэл европчууд итгэж чадахгүй байсан нь гайхал төрүүлдэг юм.

 

Суурин соёл-иргэншил болон нүүдлийн соёл-иргэншлийн хоорондох ялгаа, хүмүүний оюун санааны амьдралд түүний үзүүлэх нөлөө нь өнөөдөр ч гэсэн уламжлалт нийгмүүдийн бүтээгдэхүүн болох бие хүмүүсийн олон олон шинжийг ялгаатай болгосоор байна. 

Хувь хүн, бие хүний дотоод ертөнц, оюун санаа, сэтгэлзүй, ухамсрын хэлбэрүүдэд үзүүлэх нөлөөний шинж, байдлаараа суурин соёл-иргэншил ба нүүдэлчдийн соёл-иргэншил нь нэлээд ялгаатай болохыг, мөн хүний хүмүүнлэг шинжийн чанараар нүүдэлчид суурин иргэдээс давуутай байгааг олон орны судлаачид тэмдэглэж хэлэх, анхаарч үзэх болжээ. 

Техник, технологийн, шинжлэх ухааны салбаруудын хөгжлийн хувьд орчин цагийн суурин иргэд, аж үйлдвэржсэн улс орнууд нүүдэлчдээс хол тасарч хөгжсөн хэдий ч хүмүүсийн хоорондын, ялангуяа өрх гэр бүлийн дотоод дахь харилцааны хувьд нүүдэлчдээс олон талаар ялгаатай болж, төрөлх хүмүүнлэг шинжээ гээсээр иржээ. Эцэг, эх, хүү, охидын хоорондох ойр дотны харилцаа, харилцан таталцал, ясан ба цусан төрөл хүмүүсийн хоорондох ачлал, туслалцаа, элгэмсэг зан үйл, ёс суртахуун өндөр хөгжилтэй зарим оронд ихэд доройтож, уналтанд оржээ. Энэ бол хомосапиенсын хувьд байж боломгүй үзэгдэл, эргэж засах шаардлагатай дутагдал, согог юм.

XXI зууны 20-иод оны байдлаар манай гаригийн нийт хүн амын бараг л хагас шахам нь өлсөж, ундны цэвэр усаар гачигдаж, бохир заваан орчинд аж төрж байна. Эх, нялхсын өвчин, халдварт өвчин, тахир дутуу болон өндөр настай хүмүүсийн үгээгүй ядуу байдал гамшгийн хэмжээнд хүрлээ. 

Ихэнх улс орны нийгмийн баялаг хүн амын нь 10 хувьд ч хүрэхгүй цөөн баячуудын гарт оржээ. Үндэсний төр засаг нь мөнхүү шударга бус байдлыг арилгах сэтгэл ба зүтгэл алга байна. 

 

х                х                х

 

Монгол оронд өнөөдөр үндэсний хөрөнгөтний төр засаг ноёрхлоо тогтоожээ.

 

Эрх барьж буй хоёр намын удирдах бүлгүүд нь шударга бус замаар хөрөнгөжсөн эрүүгийн элементүүдээс зонхилж бүрдэх боллоо. 

Бэлэн мөнгийг нэн өндөр хүүтэйгээр зээлж жижиг, дунд үйлдвэрлэгчдийг мөлжих арга байж болох бүхий л арга, хэлбэрээр хот, хөдөөгүй тархаж, бэхэжжээ.

 

 

Төр засаг болон намуудын удирдлагыг олигархиуд хүчлэн зайдалж дураар дургисаар удлаа.

Дээрх гамшигт байдлыг нийт ард түмэн, сонгогчид өнөөдөр ч гэсэн сайтар таньж, ухаараагүй хэвээр байна.

Намуудын зүгээс зохиох ёстой улстөр-гэгээрлийн ажил “ноль заагаад” удлаа.

ЯАНА ДАА! ЯАНА! ЖИРИЙН ИРГЭД МИНЬ!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав