Нийгмийн даатгалын шимтгэл 2019 он гарангуут нэг хувиар нэмэгдсэн. Тэгвэл ирэх онд мөн дахин 1 хувиар шимтгэлийг нэмэхээр болжээ.

Монгол улсын Засгийн газар олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсан билээ. Уг сан нь нийгмийн даатгалын шимтгэлийг сайжруулж, сангийн алдагдлыг нөхөх шаардлагыг тавьсан юм. Тодруулбал, өнгөрсөн 2018 онд нийгмийн даатгалын санд 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Тиймээс энэхүү алгадлыг нөхөхөөр шат дараатай арга хэмжээ авч байгаа аж.

Тухайлбал,

-Сүүлийн 3 жил нийгмийн даатгалын шимтгэлийг 1-1,5 хувиар нэмэгдүүлэх,

-Тэтгэврийн насыг 6 сараар нэмсэн,

-Тэтгэвэрийн доод хязгаарыг байхгүй болгосон. 

Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж 25 хувь болж нэмэгдэх юм байна. Үүний 13 хувь нь ажил олгогч, 12 хувийг ажилтан төлнө. Уг 25 хувиас 18 хувь нь нийгмийн даатгалын алдагдлын санд орно. Ингэхээр бид цаг наргүй ажиллаж олсон мөнгөнийхөө 18 хувийг нийгмийн даатгалын алдагдал нэрээр улсад луйвардуулах нь бололтой.

Монголчуудын өнөөгийн цалингийн дундаж бодит амьдрал дээр 600 мянган төгрөгөөс хэтэрч чадахгүй байхад ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь хэр оновчтой, зөв шийдэл вэ?

Угтаа бол энэ шимтгэлээ бид тэтгэвэрт гарахдаа авах зарчмаар төлж буй. Хоёр дахин илүү төлөөд байгаагийн ашиг ирээдүйд гарч чадна гэдэгт итгэлтэй бус байна. Учир нь өнөөгийн тэтгэвэр авч байгаа хөгшчүүлийн таван цаас нь даралтны эмээ аваад уучих хэмжээнд ч хүрэлцэхгүй байгаа. Одоо алдагдалтай байгаа нийгмийн даатгалын сан арвижна гэж үү? Ийм байхад бид өнөөдөр 2 дахин нэмэгдүүлсэн шимтгэл татвар төлөх хэрэг байна уу!!!

Нас ахиад тэтгэвэрээ авна гэсэн итгэл найдвар жил ирэх тусам бүдгэрч бүрхэг болж байна. Хэзээ ч үр шимийг нь хүртэхгүй НДШ төлж, үхэн үхтэлээ өр зээл төлж, үр хүүхэддээ өр зээл л үлдээх гунигт түүх бий болж байна. 

Түүнээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд даатгал нэрээр сонгуулийн мөнгөө хийдэг болсон. Харин иргэдээс татвар хэлбэрээр цугларсан мөнгийг сонгуулийн сурталчилгаа гэх мэт өөрсдийн эрх ашигт хамааралтай зүйлд зарцуулах ардчилсан нийгмийг иргэд л лав хүсээгүй байлтай.