Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн явц байдлын талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг эрэн сурвалжилж байна, орогнол хүссэн гэх мэт олон янзын мэдээлэл гарч байна.

Энэ талаар тодруулахад, Ч.Сайханбилэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд худалдан авах эрхээс хууль бусаар татгалзаж, УИХ-д танилцуулалгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бус давуу байдал олгож худалдах шийдвэр гаргасны улмаас улсад 9,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар татан АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Мөн Оюу толгой, Дубайн гэрээтэй холбогдох асуудлаар яллагдагчаар татан шалгаж байгаа. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр Ч.Сайханбилэгт хэргийн оролцогч нартай уулзуулахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч мөрдөгч, прокурор нарт мэдэгдэлгүйгээр 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан. Нийслэлийн прокурорын газраас 2019.10.25, 2019.11.15, 2019.11.14, 2019.12.09-ний өдөр тус тус мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар гэр бүлийн хүмүүст нь өгсөн боловч мэдэгдэх хуудаст заасан хугацаанд ирээгүй. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоонд “Хөх булант” зар нийтлүүлэхээр хандсаны дагуу Ч.Сайханбилэг нь 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр АНУ руу нэвтэрснийг тогтоож хариу өгсөн.

Тиймээс гэмт этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шилжүүлэн авах зорилгоор байгаа газрыг тогтоолгож, эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах эрх зүйн үндэслэл нь цагдан хорих шүүхийн шийдвэртэй байхыг шаарддаг. Тиймээс НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан. “Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Интерполын үндэсний төвд хүргүүлсэн. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг нь АНУ-д хуулийн фирм хөлслөн түүгээр дамжуулж Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байна гэх ор үндэсгүй мэдээлэл өгч гомдол гаргасан байна. Үүнээс шалтгаалж “Улаан булант” зар мэдээ нийтлэгдэхгүй байна. Тиймээс тус байгууллагад албан захидал илгээх болно. Авлигын эсрэг хуульд зааснаар аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд АТГ-ын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглодог. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд улс төрийн ямар нэгэн зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.

 

Эх сурвалж: АТГ