Судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн үнийн таамаглалаа өөрчиллөө
2020/03/23
Энэ сарын эхний 20 хоногт зэсийн үнэ 4685-5695 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5377 ам.доллар тонн байгаа нь 2016 оны 10 дугаар сараас хойш гараагүй үнийн бууралт болж байна. “COVID-19” халдварт өвчний тархалттай холбоотойгоор дэлхийн улс орнууд онц байдал зарлаж, хөл хорио тогтоосон нь дэлхийн санхүү, эдийн засаг хямарч, бараа таваарын үнэ эрс буурахад нөлөөлжээ.
2020 оны 3 дугаар сарын эхний 20 хоногт зарим судалгааны байгууллага зэсийн үнийн таамаглалаа өөрчлөн гаргалаа. Ингэхдээ 15 судалгааны байгууллагаас 13 нь 2020 оны зэсийн үнийн төсөөллөө 53-663 ам.доллараар бууруулж, хоёр байгууллага нь 15-25 ам.доллараар өсгөөд байна. Үнийн төсөөллөө өсгөн өөрчилсөн судалгааны байгууллагууд “COVID-19” халдварт өвчин дэлхийн санхүү, эдийн засгийн байдалд сөрөг нөлөө үзүүлж, таваарын эрэлт сулрах тул зэс болон бусад металлын үнийг урьдчилан тооцоолсноос буурна гэсэн байр суурьтай байгаа юм. Харин үнийн төсөөллөө бага зэрэг өсгөн өөрчилсөн Australia Dept of Industry болон Macquarie банкны судлаачид Засгийн газруудын эдийн засгийг дэмжихээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд цаашид металлын эрэлт болон үнийн түвшинд эергээр нөлөөлнө гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.
Зэсийн үнийн таамаглалаа өөрчлөн гаргасан судалгааны байгууллагуудын энэ оны зэсийн үнийн төсөөлөл 5323-5952 ам.долларын хооронд хэлбэлзэж, дунджаар 5772 ам.доллар тонн байгаа нь тухайн байгууллагуудын өнгөрсөн 2 дугаар сард гаргасан үнийн төсөөллөөс дунджаар 308 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Зарим томоохон судалгааны байгууллагууд энэ сарын сүүлчээр үнийн төсөөллөө өөрчлөн гаргахаар төлөвлөжээ
Бэлтгэсэн: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Экспорт, борлуулалтын хэлтсийн
мэргэжилтэн Х.Мөнхцэцэг