Сэлэнгэ мөрөнд дөрвөн настай хүү эндсэн байж болзошгүй

Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад алга болсон дөрвөн настай хүүг хайж байна.

 Тодруулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн I гудамжинд оршин суудаг дөрвөн настай, эрэгтэй Э гуравдугаар сарын 22-ны 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад алга болжээ. Тэрбээр Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гэнэ. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 22:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч нэг нохой, нэг автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, ар гэрийн хоёр хүн, нийт 71 хүн эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Энэ талаар Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаас тодруулахад “Алга болдог хүүгийн гэр Сэлэнгэ мөрнөөс 150 метрийн зайтай байдаг. Таван хүүтэй айлын хамгийн бага хүү нь алга болсон. Тухайн өдөр аав, ээж нь гэрээсээ холгүйхэн айлд очих үеэр хүү нь алга болсон байна. Ах нар нь гэртээ зурагт үзээд сууж байх хойгуур ганцаараа гараад явсан гэсэн. Гэхдээ яг хүүг гол руу явсан эсэхийг харсан хүн байхгүй. Гэрийнх нь хойд талын голын эрэг хавиар самналт хийж байна. Усчин аврагч нар гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Одоогоор  мөс цөмлөх ажиллагаа хийж байна. Хүү очсон байж болзошгүй Сэлэнгэ мөрний мөс хараахан хайлаагүй бөгөөд дунд хэсгээрээ 5-6 метрийн өргөнтэй мөсөн бүрхүүлтэй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. 
Харин сумын иргэдийн яриагаар хүү гэрээсээ гараад голын эрэг дээр очсон нь үнэн гэнэ. Учир нь  хүү гэрийнхээ ойролцоох голын эрэг дээр мод зоож, элс, хайргаар байшин бариад үлдээсэн байжээ. 

Үндэсний шуудан сонин