ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн мэдээллээ хүргэлээ. Тусгаарлах байранд иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргав.

Тусгай үүргийн онгоцонд халуурсан, ханиад хүрсэн иргэдийг суулгахгүй гэдгийг анхаарууллаа. Коронавирусийн халдварын нууц үетэй харьцуулж гаргадаг. ДЭМБ-аас шинж тэмдэг илэрснээс хойш 16 хоногийн зай байна гэдгийг судалж гаргасан. Анх БНХАУ-д гарахад халдварын нууц үеийн 8 хоног байсан. Тэгвэл одоогийн байдлаар 18-21 хоног болсон байгаа. ДЭМБ-ийн судалгааг үндэслэж тусгаарлах хоногийг сунгалаа. Энэ өвчлөлийн 38 хувь нь 50 дээш насныхан байна. Иргэдийг маскаа сайн зүүж, гараа сайтар угааж, хүмүүстэй харилцаанд орохдоо хоёр метрийн зайнаас харилцаарай. Ташаа мэдээлэлд бүү автаарай хэмээн ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал онцоллоо.

 

Энэ үеэр, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн 96 хүмүүсээс коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцонд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарлаа. 

Батлагдсан тохиолдлуудын ойрын харьцагч болсон 71 хүнийг давтан шинжилгээнд хамруулахад коронавирусийн халдвар илэрсэнгүй. Ингээд Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар, Токио-Улаанбаатар Москва-Улаанбаатар, Стамбул-Улаанбаатар гэсэн дөрвөн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг ээлж дараалан шинжилгээнд хамруулж байгаа. Одоо Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 100 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж байна. Ингээд үндсэндээ тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ маш чамбай, нямбай хийж тусгаарлаж, хяналтаа үргэлжлүүлж байгаа. 

Гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 208 хүн тусгаарлагдсан байна.

Гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт хоёр нийтдээ 6 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээг хийж байна. 

Батлагдсан 11 тохиолдлын иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа сайн мэдээг дуулгая.