Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага хамтран олон ажил хийж, аян зарладаг. Гэвч хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх ёстой асран хамгаалагч, эцэг нь хүчиндсэн хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал,  2020.03.30-ны өдөр Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 15 настай охиныгоо төрсөн эцэг болох 37 настай эрэгтэй Б гэгч нь хүчиндсэн хэрэг бүртгэгдсэн байна. Одоогоор уг хэргийг цагдаагийн  байгууллагаас шалгаж байгаа  юм байна.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд суурь судалгаа хийжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувийг эмэгтэй, 3,9 хувийг эрэгтэй байсан байна. Шүүхээр эцэслэн шийдэгдсэн энэ төрлийн 250 хэрэг дээрх судалгаанд оржээ. Хүчирхийлэл үйлдэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлсэн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие мах бодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан хүмүүс байжээ. Дээрх судалгаанд хохирогчдын дундаж нас 11 байсан нь анхаарал татаж байгаа юм.

Хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэнд оноох ялын бодлого шинэ эрүүгийн хуулиар чангарсан. Тиймээс хүн бүр хүүхдээ болзошгүй эрсдэлээс алхам тутамдаа сэргийлэх хэрэгтэйг сэрэмжлүүлж байна.