• Төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол өрийн хямралд орох эрсдэлтэйг сануулав

Азийн эдийн засгийн эрч саарч байна. Хувьцааны үнэ үргэлжлэн унаж, таваарын зах зээлд таагүй үзүүлэлт хөвөрсөөр. Дэлхийн худалдааны эргэлт удааширч, хямралын үеийн эдийн засгийн бодлогыг улс орнууд хэрэгжүүлж байна. 2020 оны эдийн засгийн төлөв өөрчлөгдөж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурч эхэллээ. Ажилгүйдэл, ядуурал томоохон сорилт дагуулахаар байна. Өндөр өсөлт, эерэг үзүүлэлт биднээс улам холдож, бизнесүүд доголдсоор. Үргэлж буцалж байдаг Азийн эдийн засагт нам гүм ноёлж, өөдрөг төсөөллүүд мөрөөдөл төдий сонсогдох болов. Цар тахлын аюул эдийн засгийн төлөвийг дахин шинээр зурахад хүргэж байна. 

Азийн эдийн засгийн өсөлт 2020 онд хоёр дахин агших таамгийг Азийн хөгжлийн банк танилцууллаа. 2019 онд 5.2 хувиар өссөн бол энэ онд дөнгөж 2.2 хувьд хүрэхээр байна. АНУ, БНХАУ-ын хооронд өрнөсөн худалдааны маргаан намжаагүй, уршиг нь мэдрэгдсээр байгаа энэ үед цар тахлын нөлөө Азийн эдийн засгийг бүхэлд нь нөмөрлөө.

 Шинэчлэн боловсруулсан “Азийн хөгжлийн төлөв” тайлангаас үзэхэд, БНХАУ-ын эдийн засаг оны эцэст 2.3 хувиар өсөхөөр байгаа аж. Эрчтэй тэлж байсан өмнөд хөршийн эдийн засаг уналттай золгосноор хөгжиж буй Азийн орнуудын эдийн засаг ташраараа хэвтэрт орж байна. Жилд 5-6 хувиар өсөж байсантай нь харьцуулахад Хятадын аварга том эдийн засаг энэ онд хүнд цохилт амсах нь. Хэрэв COVID-19 вирусийн тархалт цаашид үргэлжилсээр байвал дээрх таамаглал доош буурна гэдгийг АХБ анхааруулжээ. Монгол Улсын эдийн засаг агших үзэгдэл үргэлжлэх нь. 2020 онд 2.1 хувиар өсөх таамгийг АХБ дэвшүүллээ.

Цаг хүндэрч байгаа тул төсвийн оновчтой бодлого хэрэгжүүлж, ач холбогдол багатай зардлаас татгалзаж, өрийн хямралд унахаас сэргийлэх зөвлөмж өглөө. Эрдсийн экспортоос орж ирэх төсвийн орлогын өөрчлөлтийг сайтар тооцоолж, хэт өөдрөг төсөөлөлд автахгүй байхыг санууллаа. Санхүүгийн хүндрэл, хямрал улам газар авч магадгүй тул үл ойшоож болохгүй гэдгийг ч онцолсон юм. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн орлогч Деклан Магий “Монгол Улсад коронавирустай холбоотойгоор аялал жуулчлал, үйлчилгээ, аж үйлдвэр, жижиглэн худалдааны салбаруудад нөлөөлөх нөлөө их. Төсөв болон дотоодын хөрөнгө оруулалт мөн энэ нөлөөний гадна үлдэхгүй” хэмээн тодотгосон. Эдийн засгийн уналт улс орнуудыг улам хариуцлагатай байхыг шаардаад эхэлчихлээ.

эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН