Монгол улсын их хурлын сонгууль удахгүй болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-д нэр дэвшигчид эхнээсээ тодорч байгаа. Тэдний дунд яллагдагчаар татагдсан хэд хэдэн хүн байгаа.

Үүгээр ч зогсохгүй зарим нэр дэвшигч нь өнөө маргаашгүй шүүхээр гэм буруутай эсэхээ дэнслүүлэхээр байгаа билээ. Тэгвэл бараг л гэм буруутай нэр дэвшигчид хэн болохыг хамтдаа харцгаая.

С.Баярцогт

Сэлэнгэ аймагт бие даан нэр дэвшихээр зориг шулуудсан С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. АН-аасаа өрх тусгаарлан ийнхүү бие дааж байгаа нь намдаа нэр хүнд муутай болсныг илтгэж байгаа хэрэг хэмээн жиг жуг хийх болсон. Хэрвээ дэнчин тавиад УИХ-ын гишүүн болчих юм бол хариуцлагаас мултрах боломжтой болно гэж хардаж буй хүн цөөнгүй бий.

Д.Дамба-Очир

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Дундговь аймагт нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж байгаа. Түүнийг өдгөө яллагдагчаар татсан. Тодруулбал, АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид их хэмжээний зээл авч өгсөн гэх хэрэгт УИХ-ын нэр бүхий 49 гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ. Тэдний дунд Д.Дамба-Очир гишүүн багтаад байгаа юм. Хэргийг нь сонгуулиас өмнө шийдэх эсэх нь эргэлзээтэй байгаа

Ж.Эрдэнэбат

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшихээр  бэлтгэл ажлаа базааж байгаа хүний нэг бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Тэрбээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” гэх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан аж.

Н.Номтойбаяр

УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Номтойбаяр энэ оны нэгдүгээр сард намаасаа мөн “чөлөөлөгдсөн”. Улмаар эрдмийн мөр хөөнө гэсэн ч гэнэт  бие даан нэр дэвшихээр болсон. АТГ-аас прокурорт шилжүүлсэн хэргүүдийн дун Н.Номтойбаярын хэрэг байгаа. Тэрбээр Дорнод аймагт Г.Батхүү агсны хүүтэй хамт Дорнод аймагт нэр дэвших юм билээ.

Э.Бат-Үүл

УИХ-ын гишүүн асан, хотын экс дарга Э.Бат-Үүлын хэрэг шүүхэд шилжээд байгаа. Дээрх нэр дэвшигчдээс түрүүлж ял сонсох магадлалтай хүн нь Э.Бат-Үүл.  Тэрбээр С.Баярцогтын адил бүхий л зүйлээрээ дэнчин тавин байж шүүхэд нөлөөлөхийг завдаж байгаа. Шүүх хурлаа хуулийн цоорхой ашиглан  хойшлуулсаар байгаа.  

Ямартай  ч дээрх хүмүүсийн гэм бурууг шүүх эцэслэн тогтоох болно. Харин сонгуулиар  тэднийг өрсөлдүүлэх эсэх нь СЕХ-ны шийдэх асуудал.

Сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулинд зааж өгсөн болохоор шалгуур давсан хэн ч гэсэн нэр дэвшиж болно. Гэхдээ яллагдагчаар татагдсан хүмүүсийн сүүлийн оромж нь УИХ болсон бололтой. Бүрэн эрх нэрийн доор тусгай хангамж эдэлдэг ч гэм буруутай бол шүүхээс УИХ-ын гишүүн мөн байсан ч ял онооно...