Удахгүй теле хичээл дуусаж, сурагчдын амралт албан ёсоор эхэлнэ. Зуны амралтыг нь үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд эцэг, эхчүүд хүүхдээ зусланд амраадаг. Тэгвэл энэ жил коронавирус гарсантай холбоотойгоор хүүхдийн зуслан ажиллах эсэхийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуулаас тодрууллаа.

-COVID-19-ийн цар тахлаас болж хөл хорио тогтоосон энэ үед хүүхдийн зуслангууд ямар журмаар ажиллах вэ?

-УОК-ын шийдвэрээр хорио цээрийн дэглэмийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Цаашид дэглэм сунгахгүй бол хүүхдийн зуслангууд хэвийн ажиллаж болно. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан хүүхдүүдээ авах бэлтгэлээ хангаад эхэлсэн. УОК-ын шийдвэр яаж гарахаас шалтгаалж энэ зун хүүхдийн зуслан ажиллах, эсэх шийд гарна. 

-Хөл хорионоос болж зусланд амрах хүүхдүүдийг эцэг, эхтэй нь хамт амраана гэх мэдээлэл гарсан байсан. Энэ үнэн үү? 

-Монголын зуслангийн холбоотой ярилцаад гэр бүлээр нь амраах үйлчилгээг санал болгохоор болсон. Хөл хорионы үед Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар хамгааллын дэглэмийг баталсан. Үүний дагуу ажиллахад багагүй хүндрэл учирч байгаа. Тухайлбал, хүмүүсийг олноор нь цуглуулахгүй, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх шаардлага тавьсан. Энэхүү шаардлага нь хүүхдийн зуслангийн үндсэн үйл ажиллагааг шууд өөрчлөхтэй холбоотой учир ажиллах боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс хорио цээрийн дэглэм суларсан эсвэл цуцалсан тохиолдолд хүүхдийн зуслангууд хэвийн үйл ажиллагаа явуулна гэсэн үг.

-Яагаад эцэг, эхтэй нь хамт амраах саналыг дэвшүүлсэн юм бэ?

-Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг гэр бүлийн амралтын зориулалтаар ажиллуулъя гэж ярилцаж байна. Эрүүл мэндийн сайдын гаргасан нийтлэг болон тусгай шаардлагаар гэр бүлийн зориулалттай бол үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Хүүхдүүд 7-10 хоногийн хугацаанд зусланд амардаг. Энэ хугацаанд ээж, аавтайгаа хамт олон хүнтэй уулзаж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр амрах боломжтой. Гэхдээ энэ зөвхөн санал төдий зүйл. Уг саналыг боловсруулж дуусаад УОК-т танилцуулна. Тус комиссоос тодорхой шийдвэр гаргах ёстой. 

-Хүүхдийн зусланд хэчнээн хүүхэд явдаг вэ. Энэ жил хүүхдээ зуслан явуулах сонирхолтой эцэг, эх хэр олон байгаа бол?

-Өнгөрсөн жил 24450 хүүхэд зусланд амарсан. Энэ жилийн хувьд энэ тоо хоёр дахин багасах магадлал бий. Коронавирусийн халдвартай холбогдуулаад бид тандалт судалгаа хийсэн. Эцэг, эхчүүдийн хувьд өмнөх жилүүд шиг өндөр хүлээлт, дараалал байхгүй болсон байна. Хүүхдийн зусланг нээлээ гэхэд ор хоорондын зай хоёр метрээс доошгүй байна гэвэл “Найрамдал” зуслангийн хамгийн том өрөөнд дөрвөн хүүхэд байх болно. Харин бусад зуслангуудад 1-2 хүүхэд хамт байх боломжтой. Хүүхдийн зусланд зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл 10 ээлж авна гэхээр хүүхдийн тоо багасах нь тодорхой. Мөн халдвар хамгааллын дэглэм баримтлахад тодорхой зардал гарна. Энэ зардлаа дараа нь нөхөж чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь хүүхдийн зуслангийн үнэ 180-380 мянган төгрөгийн хооронд байдаг.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН