“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Онцгой байдлын газрын Гэрээт аврах, гал унтраах 58-р ангид шаардлагатай хоёр автомашинаар парк шинэчлэлт хийхээр тусгасан. Аврах, гал унтраах иж бүрэн тоноглол бүхий, ОХУ-д үйлдвэрлэсэн, Газель загварын автомашиныг Эрдэнэт үйлдвэр тус ангийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр хүлээлгэн өглөө. 360 гаруй сая төгрөгийн үнэ бүхий энэхүү шинэ техник нь гурван давхар барилга дээр хүрч ажиллах давхар шаттай, 300 литр ус, 50 литр хөөс агуулах багтаамжтайгаас гадна уул уурхайн аврах ажиллагааны иж бүрэн багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон давуу талтай. Мөн анхан шатны гал, гамшгийн эх үүсвэр дээр шуурхай очиж, аврах ажиллагааны олон үйлдэл зэрэг гүйцэтгэх боломж  бүрдүүлснээрээ онцлог юм.                         

Энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт аврах, гал унтраах 58-р анги тусгай  зориулалтын шинэ машинаа ашиглан найман хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагааны үзүүлэх тоглолт, сургуулилт хийв. Тус ангийн бие бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрийг галын аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах, аврах үндсэн чиг үүрэг хүлээн ажилладаг. Ийнхүү, тусгай зориулалтын машинтай болсноор техникийн хүчин чадал, алба хаагчдын ажиллах орчин сайжирч, Эрдэнэт үйлдвэрийн галын болон гамшгийн аюулгүй байдлыг хангах нөхцөл дээшилж байна.            

М.ОДГЭРЭЛ

Фото: Б.БАТТӨГС