Чингэлтэй дүүрэгт байрлах “Соронз” хэмээх цэцэрлэгт ой хоёр сартай бяцхан охиноо харуулахаар нэгэн залуу гэр бүл ханджээ. Тэд энэ сарын 3-ны өдөр тус цэцэрлэгт бяцхан охиноо анх удаа өгсөн байна.

Төлбөртэй, хэдхэн хүүхэдтэй тус цэцэрлэгт бяцхан охиноо өгсөн эцэг эх хоёр бүхэл өдрийн турш санаа амар ажлаа хийж, орой хүүхдээ авахаар цэцэрлэг рүү ороход инээмсэглэн гүйж байсан охин нь нус нулимсандаа хутгалдчихсан байхыг харжээ. Тус цэцэрлэгийн асрагч багш  нь “Танай хүүхэд өдөржингөө уйллаа. Нэг ч удаа тавиулсангүй. Тавихаар л уйлаад байсан” гэж  залуу гэр бүлд хэлж. Тухайн үед  бяцхан охиноо уйлсан шалтгааныг “Орчин нь солигдохоор уйлсан” байх хэмээн бодож охиноо хувцаслан гэртээ иржээ. Охиныхоо хувцсыг тайлчихаад буулгах гэтэл охин нь хөлөө атиралдуулан өргөчихөөд ерөөсөө буухгүй байж. Гайхсан эцэг нь “Цэцэрлэгт явуулчихсан чинь миний охин өвөр дээрээс буухгүй байна” хэмээн эхнэртэй хэлсэн байна. Үүний дараагаар бяцхан охиноо буулгах гэж хэд хэдэн удаа оролдсон ч уйлаад хөлөө өргөөд байсан аж. Хөл нь өвдөөд байгааг мэдэрсэн залуу хос охиноо дагуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд зүүн хөлнийх нь өсөлтийн яс нь хугарчихсан байж. Мөн шилбэнийх нь яс хугарсан байна гэж үзсэн эмч нь хэлээд гадны нөлөөтэй ямар нэгэн зүйлээс болж хөлнийх нь яс хугарсан байна хэмээн тайлбарласан байна. Мөн жаахан хүүхдийн яс хурдан бороолж эдгэрдэг. Гэхдээ  өсөлтийнх яс нь хугарсан болохоор цаашид гарах үр дагаврыг сайн хэлж мэдэхгүй байна гэжээ.

Өмнө нь зөв зүгээр инээж тоглон гүйж явсан охиноо сарын 250 мянган төгрөгийн үнэтэй цэцэрлэгт хэдхэн цаг харуулчихаад эрэмдэг болгуулчихсан болохоор залуу гэр бүл ихэд бухимдан цэцэрлэгийн багш нартай уулзахад “Бидэнд ямар ч буруу байхгүй. Охин чинь уйлаад байсан болохоор бид өдөржингөө тэвэрсэн. Нэг ч удаа газар буулгаагүй” гэж хэлжээ. Хамгийн сонирхолтой нь  бяцхан охины ээж нь охиноо цэцэрлэгт өгөхдөө “Уйлаад байвал над руу залгаарай. Миний ажил хажууханд чинь байдаг юм” гэж хэлээд утасны дугаар үлдээсэн байгаа юм. Гэтэл түүний охин өдөржингөө уйлаад байхад түүн рүү ганц ч залгаагүй нь ямар нэгэн зүйлийг нуун дарагдуулах гэсэн арга байх гэж бяцхан охины эцэг эх хоёр хардаж байгаа юм.

Ямартай ч бяцхан охиныг нь гэмтээсэн байх магадлалтай тус цэцэрлэг нь Чингэлтэй дүүргийн Урт цагааны хойно байрлах 39 дүгээр байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Гаднаа ч тэр, дотроо ч тэр нэлээд тохилог тус цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

               

-Танай цэцэрлэгийн асрагч багш нар бяцхан охины хөлийг гэмтээсэн гэх мэдээлэл байгаа. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Манай багш нар тэр охины хөлийг гэмтээгээгүй.  Тэр охины хөл манай цэцэрлэг дээр гэмтсэн гэдгийг манай багш нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай цэцэрлэг 12-хон хүүхэдтэй. Эдгээр хүүхдийг хоёр багш асардаг. Тийм олон хүүхэд бужигнаад байдаггүй учраас хүүхэд бүртээ багш нар тулж ажилладаг. “Хүүхдийг маань гэмтээчихлээ” гээд охины ээж цагдаагийн байгууллагад хандсан гэсэн. Тэр нь ч зөв. Хууль хяналтынхан хэний буруу, хэний зөв болохыг батлаад өгөх байх. Хэрвээ манай багш нарын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд гэмтсэн бол бид хариуцлагаа хүлээнэ. Ээж аавд нь учир байдлыг хэлэх гэтэл тэд биднийг сонсоогүй.

-Охины ээж “Охиноо цэцэр­лэгт өгөхөд багш нь хөтлөөд орсон” гэж хэлсэн байсан. Мөн өдөр цэцэрлэг дээрээ тоглоод гүйж байсан гэдгийг зарим хүмүүс харсан гэсэн. Танай багш охиныг хөтлөөд аваад орсон гэсэн нь үнэн үү?

-Үнэн зөвийг хууль хяналтынхан тогтоогоод өгөх байх. Тэр хүүхдийг анх дөрөвдүгээр сарын 3-ны өдөр авсан. Тухайн үед охиныг аавынх гараас тэвэрч аваад угаалгын өрөөнд оруулж гарыг нь угаачихаад тавих гэтэл буухгүй уйлаад эхэлсэн гэсэн.

Тэрбээр ийн ярьсан юм. Тус цэцэрлэг нь байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд 15-16 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч 13 хүүхдээс хэтэрдэггүй гэсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгч, баш нар нь “Хүүхдийг гэмтээгээгүй. Хүүхдийг анх хүлээн авахдаа аав нь тэвэрчихсэн байсан учраас тэвэрч аваад гарыг  нь угаачихаад суулгах гэтэл уйлсан” гэсэн бол бяцхан охины эцэг эх хоёр “Охиноо цэцэрлэгт өгөхөд багш нь хөтлөөд аваад орсон” гэх хоёр өөр зүйлийг ярьж байгаа юм. Чухам хэнийх нь зөв, хэнийх нь буруу болохыг тэд өөрсдөө л мэдэж байгаа. Харин энэ бүхнийг хууль хяналтынхан ялгаж салгаад өгөх биз ээ. Охины гэр бүлийнхэн энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар цагдаагийнхан тус цэцэрлэгт хараахан очоогүй байна.

Ямартай ч хорвоо дээр аз жаргал болон ирсэн бяцхан үрсээ цэцэрлэг, яслид өгөхдөө эмчийн үзлэгт оруулсныхаа дараа өгөөрэй гэж сануулъяа.

 

Ж.Баттуул