Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан захидал нэртэй хонзогнол нь өнгөц харахад Ардчилсан нам доторхи ээлжит “ЗОДООН” мэт боловч Монголын өнөөгийн улстөрчдийн төр барих онол нь ХУУЛЬ биш ХУЙВАЛДААН болсныг бататгаж өгөв. Бичсэн зарим зүйлд нь итгэхэд хэцүү ч Ерөнхий сайд байсан хүн бичсэн учраас үнэний ортой байлгүй.

Манай улс төрийн хүрээний ШИЙДВЭР ГАРГАЛТ-д нөлөөлдөг зарчим нь энэ гэж бодохоор гутмаар. Тэдний хийдэг ҮНДСЭН АЖИЛ бол бүлэглэн хулгай хийх юм. Хожим хулгай нь баригдлаа гэхэд нам, бүлэглэл,фракц, андын ёс нэрээр халхавчлан хариуцлагаас мултардаг “БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ” үйлчилдэг. Иймээс тэд хулгайгаа хэнээс ч айж ичилгүйгээр чөлөөтэй , тасралтгүй хийдэг ажээ. Хууль бус үйлдлээс ангид нэгэн байхгүй. Бүгд нэгэндээ барьцаалагдсан, эхлэл төгсгөлгүй, өгөө авааны ГИНЖИН ХОЛБОО тогтжээ. Нүдэнд илт ил цагаан болсон энэ тогтолцоог нурааж, өөрчлөхгүйгээр бидний хүсээд байгаа шударга ёс хэзээ ч тогтохгүй ээ.

Ч.Сайханбилэгийг шүүхээс хоёр ХЭРЭГ-т буруутгаж байна.

Монголын хууль шүүхийн байгууллагаас Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа:
Нэгдүгээрт:

Оюутолгойн далд уурхайг ашиглах “Дубайн төлөвлөгөө”-г батлахдаа Монгол улсын хүртэх ашгийг 2038 он хүртэл хойшлуулж, Монголд ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан. Оюутолгой компанид Монголын төрийн байгууллагуудаас тавьсан их хэмжээний татварын өрийг тэглэж, уг татварын маргааныг дахин сөхөхгүй байхаар тохирсон нь нөгөө талд давуу байдал бий болгосон .

Хоёрдугаарт:

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-ын шийдвэргүйгээр , бүр АН-ын бүлэг нь ч мэдээгүй байхад хууль зөрчин Худалдаа Хөгжлийн банкинд өгсөн гэсэн үндэслэлээр буруутгажээ. Зүй нь энэ хоёр шийдвэрийг гаргахдаа Ч.Сайханбилэг хууль зөрчөөгүй болохоо л нотлох ёстой ч тэрээр “зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьсан” бололтой.

1. Өндөр албан тушаалтнуудыг шалгах болохоор Монголд ШҮҮХ ЗАСАГЛАЛ нь устаж алга болчихдог гэнэ үү?

-Оюутолгой, Эрдэнэт гэсэн хоёр том ордын шийдвэр Ч.Сайханбилэгийн үзэж байгаагаар “ ЗОХИОМОЛ ХЭРЭГ” ажээ.
Үүнийг “Ч.Сайханбилэгийн талд шийдсэн шүүгчийг нь ажлаас Х.Баттулга халчихсан” гэнэ. Хараат бус байдлынхаа төлөө ганц үг ганхийгээгүйг бодоход уг шүүгч өргөсөн тангарагаасаа няцсандаа өөрөөсөө ичээд чимээгүй болсон юм болов уу?. Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдсөн бол шүүгч бүү хэл жирийн иргэн ч дуугуй өнгөрөхгүй л дээ.

-“Бүх шорон операцийг ганцхан Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Х.Баттулга” гэжээ.Гэтэл Х.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчөөр 2017.07.09-ны өдөр томилогдсон. Ч.Сайханбилэгт холбогдож буй Дубайн төлөвлөгөө, Эрдэнэтийн 49 хувийн асуудал нь Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө болсон үйл явдлууд. Энэ үйл явдал хожим сонгогдсон Ерөнхийлөгчтэй яг яаж холбогдож буй нь ойлгомжгүй. Өөрийн холбогдсон гэмт хэргээ булзааруулахын тулд зориуд улс төржүүлж, хэн нэгэн эрх мэдэлтэнтэй уяж, анхаарлыг өөр тийш хандуулдаг БОХИР ТЕХНОЛОГИ өнөөдөр ч засарсангүй.

-“Үндсэн хуулийн гурван тулгын нэг шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан”гэжээ.
Эрх мэдэлтэй ганцхан хүн хууль цааз хэрэгжүүлдэг, шүүх засаглал нь ажилладаггүй, бүрэн устсан юм бол энэ улсад шүүгч,прокурор, цагдаа мөрдөгч бүр АТГ хэрэггүй юм биш үү? Ажил хийдэггүй хууль хяналтын бүтэн салбарыг ядарсан төсвөөсөө тэжээх шаардлага байхгүй мэт нь . Бүхэл бүтэн засаглал устахад ядаж 5 жилийн өмнө шинж тэмдэг нь мэдэгдэж эхэлсэн л байлгүй. Ерөнхий сайд байхдаа шударга ёсны дэнс болсон энэ салбарыг устаж байхад нь яагаад чимээгүй байсныг нь өөрөөс нь асуумаар....

-Тэгснээ: “Оюутолгой бусад томоохон хэргүүд Баттулгын биш Монголын шүүхээр шийдэгдэх ёстой” гэжээ. Нөгөө “бүрэн устсан” гэх шүүх засаглалаараа шийдүүлэх тухай ярьж эхэлнэ. Сүүл рүүгээ: ” Улс төрийн шийдвэрүүд , бодлогын асуудлуудын зөв бурууг УИХ-ын танхимд Засгийн газрын хуралдаанаар шийддэг болохоос шүүхийн танхимд шийддэггүй юм аа ”гэж орж гарна.

Яг ийм байдлаар хэлсэн ярьснаа хоёр өгүүлбэрийн дараа ү үгүйсгэж, эргэж буцсан дүгнэлтүүд нь түүнийг эрүүл эсэхэд эргэлзүүлэх ажээ. Эсвэл жирийн иргэдийг өдөр тутам шүүж байснаа өндөр албан тушаалтаан асан Ч.Сайханбилэг мэтийг шалгах болохоор л устчихдаг засаглал юм уу? Уг нь хэнийг ч гэм буруутай эсэхийг тогтоох цорын ганц эрх Шүүх засаглалд л байдаг бишсэн билүү?

2. Төрд итгэх ард түмний итгэл аль хэдийн алдарсныг Ерөнхий сайд асан та мэдээгүй гэж үү?

Зөв бурууг шийдэх ёстой гэж таны үзээд байгаа УИХ, Засгийн газрын гишүүд чинь хэрэг маргааныг үнэн бодитоор шийдвэрлэх байтугай яаж ялзарч доройтсныг та өөрөө хүүрнэн өгүүлээд өгсөн байх чинь.
“Н.Алтанхуягийн гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь хугацаат албанд явууллаа”, “С.Баярцогтын гэрээр нь орж гарч, гарын хоолыг нь хүртдэг байснаа хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааллаа ”, “Төмөр замын асуудлаар Х.Баттулгыг хэрэгт ороод явж байхад нь би Ерөнхий сайд байсан мөртлөө туслаагүй гэх ял”..... гэх мэт үгээрээ өнөөдрийн эрх баригчдад эрх зүйт төрийн наад захын зарчим үйлчилдэггүй, зүгээр л “өгөө аваа”, “хариу барих”,”танил, тохой татах” гэсэн бичигдээгүй , байж боломгүй зарчим үйлчилдэг нь харагдаж байна. Ийм үзэл бодол , зарчимтай хүмүүс юун зөв бурууг шийдэх вэ? Төрт ёс, хууль түй ч хамаагүй ажээ.

“Чиний үед анхны анхны улс төрийн хоригдлууд бий боллоо” гэх үг чинь шударга ёсыг хүсэмжилсэн олны зэвүү дургүйг зэрэг хүргэж байгааг ойлгох ухаан алга уу?

3. Цэргүүдээ орхиод дайсны талд дагаар орсон урвагч жанжин байх сайхан уу?

“Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ?” гэгчээр өөрөө Ерөнхий сайдын албан тушаалыг Монгол улсын язгуур эрх ашиг, ард нийтийн сайн сайхны төлөө зориулсан бол таныг хэн ШҮҮХ билээ ?
Тушаал, шийдвэрийг чинь биелүүлсэн ЦЭРГҮҮД нь шоронд орчихоод байхад гадаадад зугтаж гарсан ЖАНЖИН таны нойр хүрч байна уу? Дайны талбарт цэргүүдээ орхиод, дайсны талд дагаар орсон жанжныг “урвагч” гэхээс өөр юу гэж тодорхойлох билээ?
Голын нөгөө эргээс чулуу шидэж гоншигнохын оронд Монголдоо ирээд дээрхи 2 асуудлаар шалгуулчих. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй болохоос өндөр албан тушаал хашиж байсан нэгэн хуулийг хувийн зорилгоор тайлбарлах ёсгүй л дээ.

4. Таны нэр төрөөс доогуур үнэлэгдэх нийтийн мэдэх эрх гэж байхгүй ээ!!

-“Хууль сахиулагчид олон түмэнд таалагдах гэж хэвлэлийн хурал хийдэг” болсонд их хорсож яваа бололтой. Шившгээ дэлгүүлэх өөрт чинь таагүй ч өргөн олон мэдэх эрхтэй. Тэр дундаа итгэл хүлээж, төрийн өндөр алба хашиж, нийтийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн үйлдэл ил тод байх нь ардчиллын нэг хэмжүүр билээ.

5. Ардад хатуу, албан тушаалтанд зөөлөн үйлчилдэг ХУУЛЬ гэж байх ёсгүй!!!

-”Иргэдийг богино хугацаанд барьж суллах, мөнгө төгрөгөөр торгох, шийтгэх ажлууд нэгэнт эхэлсэн”-ийг дурджээ.
Үүнд та эгдүүцэж байгаа бол олон нийт харин ч баярлаж байгаа. Иргэдийн дунд Шударга ёсны хүсэмжлэл их байгаа ч харамсалтай нь манай улс төрчид сонгуулийн үед санал авах амлалт төдий л үздэг. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад ч “шударга ёс тогтоо”, “хариуцлагын тогтолцоо бий болго, авлигалтай тэмц” гэсэн захиа даалгавар олон нийт өгсөн.
Тэр ард иргэдэд амалснаа биелүүлж байгаа бол харин ч сайн хэрэг. Бүр амлалтыг нь шаардах ёстой.
Өнөөдөр өлсөхийн эрхэнд хүнсний дэлгүүрээс хулгай хийсэн жирийн иргэн жилийн хорих ял авч байхад орд газар хулгайлсан албан тушаалтнууд яг таны хэлснээр “өндөр албан тушаал хашиж байсан хүн” гэх халхавчин дор хариуцлага хүлээхгүй байгаа ялгаварлал нь ард түмнийг ядуу дорой амьдралаас нь илүү бухимдуулж байна. Жирийн иргэнд хатуу, албан тушаалтанд зөөлөн үйлчилдэг хуулийн ялгаварлалыг харуулах баримт дэлгэе.

-2017.10.15-д Ховд аймгийн иргэн А нэг тооны адуу хулгайлаад 1,6 жилийн хорих ялаар шийтгэгдэв

-2017 оны 11сар. Иргэн М Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 ш баавгай агнаж, баавгайн 4 ш сарвуу,арьс,гавлыг тээвэрлэсэн учраас 3 жил хорих ялаар шийтгүүлэв

-2019 оны 10 сар. Иргэн Д Бусадтай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул 3 жилийн хорих ялаар шийтгүүлэв

-2019.05.09-д иргэн Н 4 ш приус автомашины нүүрсэн янданг хулгайлж 1 жил хорих ялаар шийтгүүлэв.

-2019.06.19 Иргэн Д Орхон аймгийн Баян-Өндөр суманд хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгай хийсэн хэргээр 1 жилийн хорих ял шийтгүүлэв

-2019.10.17-д иргэн Г бусдын гэрт нэвтэрч, зурагт, 1 кг хонины мах хулгайлж 1 жилийн хорих ялаар шийтгүүлэв

Ганц адуу , 1 кг хонины мах хулгайлаад 1-1,6 жилийн хорих ял авч байгаа иргэний учруулсан хохирлыг ерөнхий сайд асан таны учруулсан хохиролтой зүйрлэх аргагүй .

Гэвч Монголын хууль өндөр дээд албан тушаалтнуудад үйлчилэх нь байтугай тэд шалгуулахгүй байж чадаж байна. Яг тань шиг гадаадад гараад зугтчихдаг болсон нь тэгээд тэгш байдал уу?
Задарсан авлигачдын тансаглалыг тэжээж дийлэхгүйдээ ядарсан ард чинь туйлдаж байхад хэдэн луйварчныг хорьсны төлөө та “1930-аад оны хэлмэгдүүлэлт”-тэй зүйрлэж сүржигнэх хэрэггүй. Тань мэтэд хууль үйлчлэхээ больсныг хангалттай харлаа.

6. Та Монгол хүн мөн үү?

“Та Монгол эх орондоо хайртай юу?” гэж хэдэн жилийн өмнө нэгэн сэтгүүлчийн асууж байсан асуултыг яг өнөөдөр би таниас давтан асуумаар байна.”эрх чөлөөтэй байх эрхээ хамгаалахын тулд олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас хуулийн үйлчилгээ авч байна. Тэдэнд Монгол дахь өмгөөллийн компаниасаа ч хамаагүй бага үнэ төлж байна“, “Тэд зохиомол хэрэг учраас манай амжилттай хамгаалсан дуулиантай хэргийн нэг болох учраас тариф хөнгөлсөн ”,”Би Монголчуудын 40 жил хөдлөөгүй төслийг хөдөлгөсөн, 4,2 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засаг руугаа оруулсан ”, “Оюутолгойн ачаар ”, “Татварын хохирол учирсан гээд байгаа бол Монголын төрийн албан хаагчдаас бүрдсэн бус олон улсын байгууллага, шинжээчдээс бүрдсэн хөндлөнгийн ажлын хэсгээр тооцоолол хийлгүүлээч”, “Цагаан хуудас гаргаж,цаашид олон улсын байгууллагууд, дэлхий нийтэд Монгол улсад болж байгаа гажуудал, дур зоргоороо авирлалтыг хүргэх болно ”. ... Дэндүү харь сонсогдож байна. Монгол хүнээс тэр дундаа Ерөнхий сайд асан хүнээс ийм үг, ийм сэтгэл гарна гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр таныг Монгол хүн гэдэгт эргэлзэж байна. Та ингэхэд Монгол хүн мөн үү ? дахиад асууя!

Хэрвээ та үнэхээр Монгол хүн юм бол Монголдоо ирээд, Монголынхоо хууль шүүхийн байгууллагаар гэм буруутай эсэхээ тогтоолгочих. ЯМБА-ыг нь Монголдоо эдэлж болсон мөртлөө ЯЛ-ыг нь эдлэх цаг ирэхэд гадаадад гарч зугтах нь өөрийн чинь хэлснээр “өөдгүй новш”-уудын л ажил биз дээ !

Сэтгүүлч Б.Отгон 2020.08.12