МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монголын Үнэн” сонинд ярилцлага өгөх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэсэн нь улс төрийн хүрээнд дуулиан тариад байна.

Тодруулбал Д.Амарбаясгалан: "Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна.  Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой.

Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна." хэмээгээд мөн "Манай намд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэй кандидат ч байна" гэсэн юм.

Тэрхүү кандитат нь Эрүүл Мэндийн Сайд асан, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Д.Сарангэрэл ажээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Сү.Батболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нарын нэг нь нэр дэвших магадлал өндөртэй байна.

С.Сарнай

sonin.mn