Индонезын Хүнс, эмийн чанарын хяналтын газар Хятадын “Sinovac” компанийн “COVID-19”-ийн вакцины туршилтыг дор хаяж гурван сараар сунгах шийдвэр гаргажээ.  

Индонезын Баруун Ява мужийн захирагчийн мэдээлснээр, вакцины туршилт, сайн дурын оролцогчдын цусны шинжилгээг 12 дугаар сард хийж дуусгахаар төлөвлөж байсан бол одоо вакцин хийлгэсэн хүмүүсийн эсрэг биетийн түвшнийг илрүүлэх өөр нэг судалгааг ирэх оны гуравдугаар сард хийхээр болсон байна.

Индонезын төрийн өмчит “Bio Farma” эмийн компани “Sinovac”-ийн вакциныг онцгой байдлын үед хэрэглэх зөвшөөрлийг  Хүнс, эмийн чанарын хяналтын газар нь нэгдүгээр сарын сүүлчээр олгоно гэж хүлээж байжээ.

Өмнө нь Индонезын Ерөнхийлөгч Жоко Видодо вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ оны эцэс гэхэд эхлүүлнэ гэж мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр, уг хөтөлбөрийг эхлүүлэхэд анхаарч буй гол асуудал нь вакцины аюулгүй байдал юм. Хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд, цагдаа, цэргийн алба хаагчдыг хамруулах аж.

Индонезын эрх баригчид эхний ээлжинд Хятадын “Sinovac”, “Sinopharm” компаниудын вакциныг хэрэглэхээр төлөвлөж байгаа юм. Тус компаниуд Индонезод 18 сая тун вакцин нийлүүлэх бөгөөд үүнээс 15 сая тунг нь “Bio Farma” компани үйлдвэрлэхээр болжээ.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг