Японы Засгийн газар цар тахлын улмаас Токиогийн олимпын наадмыг цуцлахаас өөр аргагүй гэсэн хувийн дүгнэлтэд хүрчээ. Энэ тухай “Times” сонин Японы Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Засгийн газар дотор Токиогийн олимпыг дахин явуулах боломжийг хэвээр нь үлдээж, наадмыг цуцлах талаар мэдэгдэх арга замыг хайж байна гэжээ.

“Олимпын наадмыг зохион байгуулахад нөхцөл байдал хүнд байгаа гэдэгтэй бүгд санал нийлэх хэдий ч хэн нь ч энэ талаар мэдэгдэхийг хүсэхгүй байна. Наадам болно гэж би бодохгүй байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Түүнчлэн наадам цуцлагдсаны дараа наадмыг дахин явуулах хамгийн ойрын боломжтой хугацаа болох 2032 онд олимпыг аюулгүй зохион байгуулахад гол анхаарлаа хандуулна гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Өмнө нь Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах “Kyodo” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Токиогийн олимпын наадмыг дахин хойшлуулах, цуцлах боломжийг үгүйсгэжээ.

Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 21-нөөс 8 дугаар сарын 9-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон юм. Тийнхүү 2021 оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд явуулахаар болж, “Токио-2020” нэрийг хэвээр нь үлдээсэн билээ.

Э.Аянзаяа

Эх сурвалж: Монцамэ агентлаг