“COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүс хөнгөн өвчилж буйг тогтоожээ
2021/06/08
АНУ-д “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан хүмүүс халдвар авахаас 90 гаруй хувиар хамгаалагдаж байгаагаас гадна халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн өвчилж байгааг тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ шинэ судалгаа харуулжээ.
“Одоогоор үргэлжлэн явагдсаар буй, бодит байдалд тулгуурласан судалгаагаар вакцины бүрэн тунг хийлгээгүй хүмүүс ч вакцинд хамрагдаагүй хүмүүсээс халдвар авах магадлал нь 81 хувиар бага байгааг тогтоогоод байна” гэж “CDC”-ийн судлаачдын баг мэдээлжээ.
Энэхүү судалгаанд эмнэлгийн ажилтнууд, яаралтай тусламж үзүүлдэг ажилтнууд, галын шугамд ажиллаж буй хүмүүсээс бүрдсэн 3900 гаруй хүнийг оролцуулж, өнгөрсөн 12 дугаар сараас хойш долоо хоног бүр коронавирусний шинжилгээ хийжээ. Одоогийн байдлаар тэдний 5 хувийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд халдвар авсан 204 хүний ердөө 16 нь вакцин хийлгэсэн байжээ.
“CDC”-ийн мэдээлснээр, энэ нь вакцинуудын ашиг тусыг харуулах бодит байдал дээрх баталгааны тоог нэмэгдүүлжээ. Судалгааны үр дүнг эрүүл мэндийн шинжлэх ухааны “medrxiv” цахим хуудсанд нийтлээд байгаа бөгөөд судлаачид хараахан үнэлгээ хийгээгүй байгаагаас гадна анагаах ухааны сэтгүүлд нийтлээгүй байна.
“Энэхүү судалгаа нь матрицын рибонуклейн хүчил дээр суурилсан вакцин үр дүнтэй бөгөөд ихэнх халдварт өвчнөөс хамгаална гэдгийг харуулж байгаагийн зэрэгцээ вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс хөнгөн хийгээд богино хугацаанд өвчилж, бусдад халдвар тараах эрсдэл нь буурдаг бололтой байгааг харууллаа. Эдгээр нь вакцин хийлгэхийн ач холбогдлыг илтгэж байна” гэж “CDC”-ийн дарга, доктор Рошель Валенски мэдэгдэлдээ дурджээ.
Судалгаанд хамрагдсан ажилтнууд “Pfizer/BioNTech” юм уу “Moderna”-гийн хоёр тунт вакцин хийлгэж, 12 дугаар сараас хойш халдварын шинж тэмдэг илэрсэн эсэхээ үл харгалзан долоо хоног тутам өөрсдийгөө шинжилжээ. Энэ нь вакцин шинж тэмдэггүйгээр халдварлахаас урьдчилан сэргийлэх эсэхийг тогтоох цорын ганц арга зам ажээ.
“COVID-19”-ийн вакцины нэг юм уу хоёр тунг хийлгэснээсээ хойш халдвар авсан цөөн тооны хүмүүсийн хувьд бие дэх вирус нь 40 хувиар бага байснаас гадна халуурах нь 58 хувиар бага байжээ. Мөн тэдний орондоо хэвтсэн хугацааг вакцин хийлгээгүй өвчтөнүүдийнхтэй харьцуулахад хоёр хоногоор цөөн байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
зочин · 2021/06/08
вакцин хийлгээд халдвар авна гэж юу байсийн. новшийн оюунэрдэнэ үхэж далд ороосой. улс үндэсээр нь хорлож хаячихаад