ДЭМБ вакцины гурав дахь тунг тарихаа хойшлуулахыг уриалжээ
2021/08/05
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ “COVID-19”-ийн вакцины гурав дахь тунг тарьж эхлэх хугацааг наад зах нь ирэх есдүгээр сарын эцэс хүртэл хойшлуулахыг уриалжээ.
ДЭМБ-ын тэргүүн, доктор Тедрос Адханом Гебрейесусийн хэлснээр, ингэснээр дэлхийн бүх улс орон хүн амынхаа дор хаяж 10 хувийг вакцинжуулахад хувь нэмрээ оруулна.Одоогийн байдлаар Израил, Герман тэргүүтэй олон улс орон вакцины гурав дахь тунг тарих төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм.
Гэвч Т.Гербейесус ядуу буурай орнууд вакцинжуулалтын үзүүлэлтээрээ хол хоцрон үлдэж буйг анхааруулжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, бага орлоготой орнуудад вакцины нийлүүлэлт дутмаг байгаагийн улмаас 100 хүн тутамд ердөө 1.5 тун вакцин тарих боломжтой байгаа ажээ.
Т.Гебрейесус энэ талаар хэлэхдээ, одоогийн нөхцөл байдлыг урвуугаар нь эргүүлж, бага орлоготой орнуудад вакцины дийлэнхийг нь нийлүүлэх хэрэгтэй байна гэв.
“Бүх Засгийн газар “Дельта” хувилбараас хүн амаа хамгаалахыг хүсэж байгааг ойлгож байна. Гэвч дэлхийн вакцины нөөцийн дийлэнхийг хэрэглэсэн орнууд түүнээсээ давуулан хэрэглэхийг бид хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж тэрбээр нэмж хэлжээ.
Улс орнуудыг 100 хүн тутамд тарьсан вакцины тунгийн тоогоор нь өнгөөр ялган үзүүлсэн байдал
ДЭМБ өндөр болон бага орлоготой орнуудын вакцинжуулалтын ялгаатай байдлыг бууруулахын төлөө ажиллаж буй үед энэ нь хүчтэй уриалга болж байна.
Тус байгууллагын хувьд ирэх сар гэхэд улс орон бүрийн хүн амын 10 хувийг вакцинжуулахыг зорьж байгаа боловч одоогийн хурдаар уг зорилтод хүрч чадахгүй нь илэрхий байгаа юм.
Тухайлбал, Хаити, Бүгд Найрамдах Ардчилсан Конгод Улсад л гэхэд хүн амын аль ч бүлэг нь вакцины хоёр тунд хамрагдаагүй байна.
Мөн сүүлийн саруудад “Дельта” хувилбарын улмаас халдварын тохиолдол, нас барсан хүний тоо эрс нэмэгдэх болсон Индонезид хүн амынх нь ердөө 9.7 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад буйг “Our World in Data” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.
Харин Израилд 60-аас дээш насны иргэдийг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн бол Герман “Moderna”, “Pfizer”-ийн гурав дахь тунг санал болгож эхэлнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Мөн Их Британид есдүгээр сараас эмзэг бүлгийн олон сая хүнийг гуравдугаар тунд хамруулж магадгүй байна.
АНУ-ын хувьд вакцины гурав дахь тунтай холбоотой шийдвэрийг танилцуулаагүй байгаа боловч америкчуудыг бүрэн вакцинжуулахын зэрэгцээ хилийн чанад руу вакцин нийлүүлэх хангалттай нөөцтэй байгаа гэдгийг Цагаан ордон лхагва гарагт мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүн бага орлоготой орнуудад вакцин хандивлахыг чинээлэг орнуудад уриалсаар ирсэн юм. Тодруулбал, тавдугаар сард тэрбээр хүүхдүүд, өсвөр насныхныг вакцинжуулах төлөвлөгөөгөө түр хойш тавьж, бусад орнуудад вакцин хандивлахыг уриалж байсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг