42 дахь удаагийн Brit Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын "О2 Arena" цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн наадмын шилдгээр дуучин Адель тодорсон бөгөөд тэрээр нийт дөрвөн төрөлд (“Их Британийн шилдэг дуучин”, “Их Британийн шилдэг дуу”, “Их Британийн шилдэг цомог”, “Их Британийн шилдэг Pop, R&B дуучин”) нэр дэвшсэнээс гуравт нь ялалт байгуулсан байна. Энэ жилийн хувьд Brit Awards наадмын зохион байгуулагчид жендэрийн ялгаатай шагналуудаас татгалзсан нь гол ярианы сэдэв болоод байгаа билээ.

Тодруулбал, өмнө жилүүдэд “Их Британийн шилдэг эрэгтэй дуучин” болон “Их Британийн шилдэг эмэгтэй дуучин” зэрэг хүйсийн ялгаатай шагналууд гардуулдаг байсан бол одооноос эхлэн “Их Британийн шилдэг дуучин” гэх мэт жендэрийн ялгаагүй төрлүүд бий болжээ. Ёслолыг дуучин Эд Ширан “Bad Habits” дуугаараа нээсэн бөгөөд тэрээр энэ жил наадмын шилдэг дууны зохиолчоор тодорсон юм.