АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн Covid-19 өвчний эсрэг үйлчилгээтэй Paxlovid эмийг эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг Хятадын засгийн газар өчигдөр өгчээ.

Энэ нь Хятадад албан ёсоор зөвшөөрөгдсөн уух зориулалттай анхны Covid-19 өвчний эм болж байна.

Хятадын Эмийн Бүтээгдэхүүний Үндэсний Захиргаа Covid-19 өвчнөөр хөнгөн болон хөнгөвтөр өвдсөн ч цаашид хүндрэх эрсдэлтэй насанд хүрэгчдийг эмчлэх нөхцөлтэйгөөр Paxlovid эмд зөвшөөрөл олгожээ.

“Энэ бол Covid-19 өвчинтэй тэмцэх бидний үйлсэд чухал алхам болж байна” гэж Pfizer компанийн төлөөлөгч шийдвэр гарсны дараа мэдээлсэн байна. Гэхдээ Хятадын тал эмийг худалдаж авах болсон эсэх талаар мэдээлэл өгөөгүй юм.

Тус компани 2022 онд уг эмийн борлуулалтаас $22 тэрбумыг олох төлөвлөгөөтэй байгаа. Pfizer компани одоогоор дэлхийн 100 гаруй улстай Paxlovid эмийг нийлүүлэх талаар ярилцаж байгаа гэнэ.

Paxlovid эмийн хүндрэлээс сэргийлэх чадвар 89 хувьд хүрснийг Pfizer компани өнгөрсөн оны сүүлээр дуусгасан туршилтынхаа дараа мэдээлж байжээ.

АНУ-ын засаг захиргаа Paxlovid эмийн нэг багцыг (курс) $530-аар худалдаж авч байгаа гэсэн мэдээлэл бий.

Хятад улсын хувьд одоо нэг өдөрт илрэх коронавирусийн халдварын тохиолдлыг 250 дотор барьж байгаа нь хорио цээрийн хатуу бодлоготой холбоотой.

Тус улс гадаадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг ямар ч вакцинд зөвшөөрөл олгоогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хятад улс зөвхөн дотоод үйлдвэрийн вакцинуудаар хүн амынхаа 87 орчим хувийг дархлаажуулжээ.

 

Эх сурвалж: Reuters