Орос, Украины төлөөлөгчдийн дараагийн үе шатны хэлэлцээ даваа гарагт болох төлөвтэй байна. Хэлэлцээний гурав дах үе шат өмнөхтэй адил Польш-Беларусийн хилийн бүсэд болно гэж Украины төлөөлөгчдийн гишүүн, эрх баригч “Ард түмний зарц” намын парламент дахь бүлгийн дарга Давид Арахамия гуравдугаар сарын 5-ны өдөр Украины "Страна" сонинд мэдээлжээ.

Арахамиягийн хэлснээр, хэлэлцээ орон нутгийн цагаар 15:00 цагт эхэлнэ. Талуудын дараагийн уулзалт үнэхээр гуравдугаар сарын 7-нд болж магадгүй тухай өмнө нь Оросын төлөөлөгчдийн гишүүн, Төрийн Думын Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий сэтгүүлч, радио, телевизийн хөтлөгч, зохиолч Владимир Соловьёвын  “YouTube” сувагт хөтөлдөг "Соловьев Live" нэвтрүүлгийн үеэр мэдэгджээ.

 

Гуравдугаар сарын 3-нд болсон хоёр дахь шатны хэлэлцээний үеэр хүрсэн гол үр дүн бол энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулах тухай талуудын тохиролцоо байв. ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Украины талтай хүрсэн тохиролцоог чухал ахиц дэвшил гэж мэдэгдсэн байна. Хоёр хоногийн дараа ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлэхдээ, Москвагийн цагаар 10:00 цагт Оросын тал гал зогсоож буйгаа зарлаж, Мариуполь, Волноваха хотын оршин суугчдыг гаргах хүмүүнлэгийн коридор нээлээ гэсэн юм. Мариуполь хотын зөвлөлөөс мэдээлснээр, нүүлгэн шилжүүлэх ажиллагааг Украины баруун хэсэгт орших Запорожье хотод зохион байгуулж байна. Түүнчлэн Мариуполь хотоос хойд зүгт 60 км-ийн зайд орших Волноваха хотын оршин суугчдыг тийш нь илгээхээр шийджээ.

Дээрх хоёр хотоос нийт 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг