Европт сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол 100 давсантай холбоотой ДЭМБ шуурхай хурал зарлав
2022/05/21
Африк тивийн төв болон баруун бүс нутгаас гаралтай сармагчны цэцэг өвчний хүнд халдварласан тохиолдол Европын орнуудад 100 давсантай холбогдуулан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр шуурхай хурал зарлажээ.
Уг өвчний вирус одоогоор Бельги, Франц, Герман, Итали, Португал, Испани, Швед, Их Британи гэсэн найман улсад илрээд байна.
Мөн АНУ, Канад, Австралид халдварын эхний тохиолдлууд бүртгэгджээ.
Анх сармагчнаас илэрч байсан энэ вирус зэрлэг амьтантай хэт ойр харилцсан тохиолдолд хүнд халдварладаг ба Африк тивээс гадна илэрсэн тохиолдол маш ховор байсан юм.
Гэхдээ хүнээс хүнд дамжих чадвар нь коронавирусийнх шиг өндөр биш тул цар тахал болж өргөжих магадлал багатай гэж судлаачид үзэж байна.
Сармагчны цэцэг өвчний вирусээр халдварласан тохиолдолд халуурах, арьсан дээр тууралт гарах зэрэг шинжүүд илрээд хүндрэлгүй эдгэрдэг гэнэ.
Гэхдээ сармагчны цэцэг өвчний вирус урьд өмнө нь Европ тивд өнөөдрийнх шиг өргөн тархаж байгаагүй юм.
Хүмүүс олноор цуглардаг зуны амралт зугаалгын үе эхэлж байгаа тул уг вирусийн тархалт нэмэгдэх эрсдэлтэйг зарим судлаачид анхааруулж байна.
Сармагчны цэцэг өвчинд зориулсан вакцин одоогоор байхгүй. Гэхдээ салхин цэцэг өвчний вакцин 85 хувийн үр дүнтэй хамгаалдгийг ДЭМБ мэдээлжээ.
Энэ удаагийн дэгдэлт ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг гайхшируулж буй гурван шалтгаан байгаа гэнэ. Нэгдүгээрт, бүх тохиолдлын нэгээс бусад нь сармагчны цэцэг өвчин гарсан улс оронд аялж байсан түүхгүй байна. Европын халдварын анхны тохиолдол нь тавдугаар сарын 7-нд Нигери улсаас Их Британид ирсэн хүнээс илэрч байжээ.
Хоёрдугаарт, ихэнх тохиолдлууд бэлгийн эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн байна. Тэдний дотор ижил хүйстний харилцаатай эрчүүд голлож байжээ.
Гуравдугаарт, илрээд богино хугацаа өнгөрч байгаа ч Европын олон оронд бүртгэгдсэн нь анхаарал татаж байгаа юм байна.
Их Британид илэрсэн 20 тохиолдлын ихэнх нь ижил хүйстэн, бисекс (хоёр хүйстэнтэй) харилцаатай эрчүүд байжээ.
Португал улсад илэрсэн 14 тохиолдол нь бүгд мөн 20-40 насны ижил хүйсийн харилцаатай эрчүүд байсан байна.
ДЭМБ илэрсэн тохиолдлуудыг хэлхээ холбоог судалж, вирусийн генетикийн дарааллыг тогтоох ажлуудыг эхлүүлжээ. Одоогоор хүн хооронд бэлгийн замаар халдварладаг гэж хэлэхэд эрт байгааг анхааруулж байна.
1970 оноос хойш сармагчны цэцэг өвчний вирус хүнд халдварласан тохиолдлууд Африкийн 11 улсад илэрч байжээ.
Нигери улсад 2017 оноос хойш дэгдэлт тасрахгүй байгаа ба энэ он гарсаар 46 сэжигтэй тохиолдол илэрснээс 15 нь батлагдсан байна.
Эх сурвалж: Reuters