Их Британид ажлын ДӨРВӨН өдөртэй долоо хоногийн туршилт эхэлжээ
2022/06/07
Энэ долоо хоногийн Даваа гарагаас Их Британид дөрвөн ажлын өдөртэй долоо хоногийн туршилт эхэлж байна. Өмнө нь цөөн ажлын өдөртэй долоо хоногийг ийм өргөн хүрээнд туршиж байгаагүй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байна.
Зургаан сарын хугацаанд үргэлжлэх туршилтад Их Британийн 70 компанийн 3,300 орчим ажилтан оролцох ажээ.
Банк санхүүгийн байгууллагаас эхлээд түргэн хоолны ресторан зэрэг олон төрлийн компаниуд уг туршилтад оролцож байгаа юм.
Туршилтын үеэр ажилтнууд өмнөх ажлын цагийнхаа 80 хувьд ажиллах ч цалингаа 100 хувь авах гэнэ.
Гэхдээ ажлын гүйцэтгэл нь өмнөхөөсөө буурахгүй, 100 хувь байх ёстой гэж туршилтыг санаачлагчид тооцоолжээ.
Туршилтыг “4 Day Week Global” ашгийн бус байгууллага, “4 Day Week UK Campaign” хөдөлгөөн, Кэмбрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Бостоны коллежийн судлаачид хамтран зохион байгуулж байна.
Ажлын өдрийг цөөрүүлснээр ажилтнуудын сэтгэл зүйн байдал, эрүүл мэнд сайжирч, тэр хэрээрээ бүтээмж нь нэмэгдэх тул ерөнхийдөө байгууллагын гүйцэтгэл буурахгүй гэж үзэж байгаа.
Ийм ажлын горимыг 2015-2019 оны хооронд Исланд улсад хоёр удаа туршихад нийт 2,500 төрийн албан хаагчийг хамруулж байжээ.
Их Британид эхэлж буй туршилтаас өмнө энэ нь хамгийн томд тооцогдож байв.
Бүтээмж буураагүй ч ажилтнуудын сэтгэл санаа, эрүүл мэнд мэдэгдэхүйц сайжирсан үр дүн Исландын туршилтаас гарч байжээ.
Сүүлийн жилүүдэд ажлын өдрүүдийн тоог цөөлөх хөдөлгөөн дэлхий даяар өрнөж байна. Испани, Шотландад энэ оны сүүлээр ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршихаар төлөвлөжээ. Туршилтуудыг дээрх улсуудын засгийн газар дэмжиж байгаа юм байна.