АН хоёр биш гурван хэсэг болоод байна. Х.Баттулга ба З.Энхболд нарын удирдсан АН хэвээр байгаа бол С.Эрдэнийн АН хуваагдан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын АН гэгч салан тусгаарлан, тусдаа намын төв байртай болжээ.

Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ албан ёсны тамгатай намын даргын хувьд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын талынхныг АН-ын удирдлагаас зайлуулж эхэлсэн ба хамгийн сүүлийнх нь болгож, Ч.Өнөрбаярыг АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаас чөлөөлсөн юм.

 

Үүний дараа Ч.Өнөрбаяр мэдээлэл хийн, " 9-р сарын 27-ы өдөр Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас тогтоол гарсан.

Энэ тогтоолоор АН одоогоор даргагүй, С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор би Улсын Дээд Шүүхэд хандан, та бүхэн 9-р сарын 27-ы өдөр гаргасан тогтоолоо тайлбарлаж өгөөчээ гэсэн хүсэлт гаргасан. Ингэхдээ нэгдүгээрт, АН одоо даргатай юм уу? үгүй юм уу? хоёрдугаарт, С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын дарга гэж үзэх юм уу? үзэхгүй юм уу? Гуравдугаарт,  С.Эрдэнэ АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд мөн юм уу? гэдэг асуултыг тавьсан. Улсын Дээд Шүүх 11-р сарын 10-ы өдөр хариу өгсөн.

 

Уг хариунд: “ Өнөөдрийн байдлаар Улсын Дээд Шүүхийн улс төрийн намын бүртгэл, түүний цахим мэдээллийн санд АН-ын дарга буюу АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Эрдэнийг бүртгэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Одоогоор ямар нэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн шийдвэр гаргаагүй” гэсэн байна. Тийм учраас АН одоо даргагүй. АН-ын дарга байхгүй учраас хэн нэгнийг томилж, чөлөөлөх тухай ойлголт байхгүй. С.Эрдэнэд одоо АН-ын ҮБХ-г хуралдуулаад, хүн томилж, чөлөөлөөд явах эрх байхгүй гэдгийг хэлье. С.Эрдэнэ дарга нэг ийм юм ярьдаг. Намайг намын даргаар бүртгэсэн 2017 оны 01 тоот тушаал хүчинтэй шүү дээ гэж. Үүнийг зүйрлэж хэлвэл 1997 онд Н.Багабанди гуайг бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөөд, УИХ-ын тогтоол гарсан. Энэ тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр. Яг үүн шиг С.Эрдэнэ 2017 онд АН-ын даргаар сонгогдсон үйл явдлыг баталгаажуулсан тогтоол л болохоос биш энэ нь одоо ч тэр хүн АН-ын дарга гэсэн үг биш шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй. С.Эрдэнэ даргад хандаж ганцхан зүйл хэлье. Та эр хүний цөлх ухаан гаргаад, шуналаа тат.” гэсэн юм.

 

Муу л бол баруун хар овоохой гэдэг шиг С.Эрдэнэд ямар сайн нэр байх биш. Гэхдээ үнэхээр С.Эрдэнэ шуналтай новш юм бол түүний шуналт үйл хэрэгт хамгийн их тусалсан хүмүүс бол живж буй хөлөг онгоцноос зугтаж байгаа харх мэт аашилж буй М.Тулгат, Ч.Өнөрбаяр нар өөрсдөө юм.

 

Нөгөөтэйгүүр Ч.Өнөрбаяр нь “Шихихутуг” нэртэй сургууль төгссөн, хуульч хүн гэдэг.  Хэрэв С.Эрдэнэ УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа огцорсон юм бол 2021 оны 4-р сарын 01-нд Ч.Өнөрбаярыг АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар томилсон шийдвэр ч хүчингүй гэдгийг хуульч хүн эрхбиш мэдмээр юм.

 

Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ АН-ын дарга биш юм бол Ч.Өнөрбаяр өөрөө бүр хэзээ ч АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга байгаагүй гэсэн үг! Энэ бүх утга учир, логик муутай урвалтын цаад шалтгаан нь тун энгийн. Ч.Өнөрбаяр тэргүүтнүүд Ц.Элбэгдоржийн даалгавраар С.Баярцогтыг АН-ын дарга болгохоор ажиллаж, үүнд нь эгдүүцсэн С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийн талынхныг АН-ын удирдлагаас зайлуулж байгаа хэрэг. Энэ өрсөлдөөнд гагцхүү МАН-ын дэмжлэгийг авсан тал нь л ялж чадна.

 

М.Гал

sonin.mn