Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр 13 компанийн зээлд холбогдуулан 59 гэрчийг оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Эхнийх нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК байв.

Тус компанид Хөгжлийн Банкнаас орон сууцны цогцолбор хороололд барихад зориулж 29 сая ам.долларын зээл олгосон. "Нью яармаг хаусинг прожект"-ын 85.8 тэрбум төгрөгийн өрөнд тооцон зээлийг хаасан байгаа юм.

Сонсголын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Уг зээлийг ТОСК авч, гүйцэтгэгчээр нь "Нью яармаг хаусинг прожект" ХХК осрон байна. Танайх ийм хэмжээний бүтээн байгуулалт барих барилгын салбарын туршлагатай байсан уу. Мөн та Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтаар ажилласан уу, гэрээгээр ажилласан уу" гэх асуултуудыг тавив. 

Асуултад гэрчээр дуудагдсан Нью Яармаг хаусинг прожект ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр хариуллаа. 

Тэрбээр “Бид зээлээ хаасан. Бид ТОСК-ийн өмнөөс 24 тэрбум төгрөгийг төлсөн. Шүүхийн шийдвэр байхгүй. Өөрсдөө 61 тэрбум төгрөгийг төлөх ёстой байсан. Нью Яармаг хаусинг прожект ХХК нийтдээ Монгол Улсын Хөгжлийн Банканд 85 тэрбум төгрөгийг төлсөн. Энэ тухай Хөгжлийн Банк дэлгэрэнгүй тайлбар өгөх хэрэгтэй.

Нэгт. Би ямар нэгэн байдлаар төрийн худалдан авах ажиллагаанд оролцоогүй. Тиймээс энэ нь сонгон шалгаруулалт хийх ёстой байсан эсэхийг мэдэхгүй. 

Хоёрт. Залуу хүн болохоор туршлага байхгүй мэтээр хараад байх шиг байна. Тийм ч учраас Х.Баттулга гэдэг хүнтэй холбоод ярьдаг юм шиг байгаа юм. Мэдээж хэрэг би төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн нь ч гарсан. Хөгжлийн Банкнаас зээл авсандаа одоог хүртэл харамсаж байна. Адилхан арилжааны банкнаас зээл аваад төлөөд л явж байна. Сүүлийн гурван жил 150 гаруй тэрбум төгрөгийн зээлийг цаг хугацаанд нь төлсөн.

Миний хувьд 2012 онд БНХАУ-ын Экспорт-Импортын банканд зээлийн хэлэлцээр, зээлийн гэрээ байгуулаад зээл авахаар хөөцөлдөж байсан. Үүнийг Т.Доржханд гишүүн та мэднэ.

Тухайн үед би хувийн хэвшилд ажиллаж байхдаа хөөцөлдөж байж гэрээгээ байгуулаад одоог хүртэл БНХАУ-ын Экспорт-Импортын банканд төлсөн шимтгэлийнхээ мөнгийг олж чадахгүй яваа. 

ТОСК өөрсдөө бидэнд санал тавьсан. Манайх БНХАУ-ын Экспорт-Импортын банканд аль хэдийнээ зээлийн гэрээ байгуулчихсан байсан болохоор ТОСК төслийг чинь хамтарч хэрэгжүүлье, танайх явчихвал манайх явчих юм байна гэх яриа болсон. Бид хөөцөлдөж очоод энэ зээлийг хамтаръя гэсэн зүйл байхгүй. Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд ирээд энэ тайлбар өгөөсэй гэж бодож байна" гэв. 

"БИ ЯАГААД ГАДНААС ЗЭЭЛ АВЧ, ЮМ ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ. ТЭР Х.БАТТУЛГА ГЭДЭГ ХҮНИЙ ХИЙЖ БАЙГАА УЛС ТӨР НАДАД ЯМАР Ч ХАМААГҮЙ"

Үргэлжлүүлэн тэрбээр "Х.Баттулга гэх хүнтэй их холбох юм. Сүүлдээ сонсохоос итгэхийн аргагүйгээр янз бүрээр хэлэх юм. Одоо би албан ёсоор хэлье.

Би хувь хүнийхээ хувьд Х.Баттулга гэж хүний хувийн компанид эсхүл хувь хүнд нь зөвлөөгүй. Би орон тооны бус зөвлөх хийж байсан. Төрөөс нэг ч төгрөгийн цалин авч үзээгүй. Би ажлынхаа хажуугаар одоогийн хэрэгжүүлж байгаа ипотек, орон сууцны асуудал зөв яваасай гэх залуу хүний итгэл үнэмшлээр ажилласан. Төрийн сайдад нь зөвлөх үүднээс ажиллаж байсан. Би Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч хамаарал байхгүй. Энэ ч тогтоогдож байх шиг байна. Цаашид битгий холбож яриасай гэж хүсье.

Намайг сүүлийн 10 жил холбож ярилаа шүү дээ. Би яагаад гаднаас зээл авч, юм хийж болдоггүй юм. Яагаад Монгол Улсад нэг төсөл хэрэгжүүлээд, барилга барьж болдоггүй юм. Тэр Х.Баттулга гэдэг хүний хийж байгаа улс төр надад ямар ч хамаагүй. Ганц хүн гарч ирээд ийм юм хийхгүй гэх юм. Одоо үеийн залуучууд өөр, юм хийдэг болсон" гэлээ. 

ВИДЕО: