А.Отгонбаатар: Цагаан сарын дараа маш том жагсаал зохион байгуулна
2023/02/03
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатартай 2022 оны 12-р сард төв талбай дээр өрнөсөн жагсаалын алдаа, оноо, үр дүн болон тогтолцооны өөрчлөлт асуудлаар ярилцлаа.
2022 оны 12-р сард болсон жагсаалын тухай яриагаа эхлэе. Энэ жагсаалын алдаа, цаашид жагсаал, цуглаан хийхэд анхаарууштай зүйл нь юу байв?
2022 оны 12-р сарын 1-нд Д.Энхсайхан гэдэг залуу анх талбай дээр гарч ирж суулт хийсэн. 12-р сарын 2-ны өдөр бид нар түүнтэй нэгдсэн. Ингээд үр дүнтэй, зохион байгуулалттай, нэгдсэн том жагсаал хийе, товоо зарлая гээд ярилцаж байтал тэр өдрийн орой “12-р сарын 4-нд жагсаал болно” гэсэн эзэн биегүй зар сошиал сүлжээнд тархаж эхэлсэн. Тэгээд тэр зар тархаад байсан учраас 12 сарын 4-ний 11 цаг 48 минутанд би талбай дээр гарч ирсэн байдаг юм. Иргэд ч өөрсдийн итгэл үнэмшлээр гарч ирсэн. Бид энэ жагсаалаас юу алдсан юм бэ? гээд эргээд харах юм бол зорилгоо биелүүлж чадаагүй. Зорилго яагаад биелээгүй вэ гэвэл бид органик жагсаал хийнэ гэж алдаа хийсэн байна. Органик жагсаал гэдэг бол талбай дээр ирж байгаа хүн болгон өөр өөрийн итгэл үнэмшлээр ирээд, өөр өөрийн зовлонг ярьдаг юм байна. Ахмадууд нь ирээд тэтгэврээ нэмүүлмээр байна гэдэг юм байна. Нэг хэсэг нь банкны зээлэнд дарагдаад байна гэдэг юм байна. Залуус бас нэг өөр юм хүсдэг юм байна. Ингээд нэгдсэн том зорилгын дор нэгдэхгүй болохоор хүн болгон зовлонгоо яриад том зорилгоо замхруулдаг юм байна.
Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцьё, тогтолцоог өөрчилье гэхээр “үгүй ээ, тэр хамаагүй, миний амьдрал, миний асуудал хүнд байна” гээд зохион байгуулалтанд орж өгдөггүй юм байна.
Мөн жагсаал хийж байгаа бид нэг алдаа гаргасан. Жагсаалд оролцож байгаа эхний эгнээний 50 хүнийг сайтар зохион байгуулалтанд оруулж өгөх ёстой юм байна. Болдог бол бүр төлбөртэй, өдрийн цалинг нь өгөөд эмх цэгцтэй болох ёстой юм байна. Тэгэхгүй хүн бүр дураараа ир гэх юм бол нөгөө нэг МАН, нүүрсний хулгайчид нь ч юмуу жагсагчид дотор дөрөв, таван хүнээ оруулж жагсаалын толгойг эзлүүлээд, самраад дуусчихдаг. Дараагийн асуудал бол жагсаал эхлүүлэхдээ гарахдаа дор хаяж арван сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ хийх ёстой юм байна. Тэр нь бидний ярьж байгаа зүйлийг ингэж дамжуулна шүү, ийм өнцгөөс харуулна шүү гэдгийг ойлгуулж өгөхгүй бол ганцхан лайвдаа найдаад бид ярьдаг. Гэтэл хэвлэл мэдээлэл нь биднээс яриа авахгүй нөгөөдүүлийн оруулж ирсэн хүмүүсээс яриа түүгээд аваад байхаар жагсаалын зорилго замхраад өөр удирдагчтай юм шиг харагдаад, нөгөөдөх нь гарч ирээд жагсаалыг бужигнуулаад хаячихдаг ийм зовлон байдаг юм байна. Энэ бол бидний ярьдаг мөнгөгүй жагсаал хийнэ, органик байлгана гэдэг чинь эсрэгээрээ алдаа болдог юм байна гэдгийг л ойлгож байна. Одоо цагаан сарын дараа маш том жагсаалыг зохион байгуулалттай, үр дүнтэй хийнэ. Үүнийг харин ард түмэнд үнэнийг хэлж байгаад, бэлтгэлтэй, сайн зохион байгуулж хийх ёстой л гэж үзэж байна.
Тэгэхээр зохион байгуулалттай, санхүүжилттэй, хэвлэл мэдээлэлтэй, гэхдээ энэ бүгд нь ил тод жагсаалыг хийнэ гэсэн үг үү?
Тийм. Бүгд тодорхой. Хэн санхүүжүүлж байгаа юм? Ард түмний хандиваар санхүүжиж байгаа юм. Хандивын данстай, тайлан нь тодорхой. Тэр, тэр хэвлэл мэдээлэл рүү тэдэн төгрөг өгсөн шүү. Эдгээр сайтууд нь биднийг яг энэ өнцгөөс гаргана шүү. Жагсаалын гол, гол оролцогчид нь ийм, ийм улсууд байгаа юм. Энэ улсуудын заавар, зөвлөгөөгөөр тактиктай ажиллана шүү. Ингэхгүй бол талбай дээр бухимдаад ирсэн иргэдийн голд нь нэг хүн хатгаасаар буруу үйлдэл хийхэд л түүн дээр дөрөөлөөд бид нар чинь эх орноо аврах гэж жагсаал хийсэн биш эсрэгээрээ сүйрүүлэх жагсаал хийчих гээд байгаа байхгүй юу. Мянган жил А.Отгонбаатар эх орноосоо урвагч гэж дуудуулах нэрийг авах хүртэл жагсаалыг эд нар хутган үймүүлж чадна. Тэгэхээр жагсаалаа зарлаад, маш сайн зохион байгуулах хэрэгтэй. Хариуцлага гарвал хэн үүрэх юм бэ гэдгийг нь А.Отгонбаатар үүрнэ гэдгээ хэлээд ийм том жагсаалыг хийх ёстой юм билээ.
Жагсаалын удирдагчид, хариуцлага үүрэх хүн нь ил тод, тодорхой байх нь, тийм үү?
Яг тийм. Өөрөөр хэлбэл гэртээ хэвтэж байсан нэг “баагий” надад шударга бус санагдсан гээд голоор орж ирж урд гараад самраад байдаггүй л болгох ёстой байна. Бид чинь хошин урлагийнхандаа, бөхдөө хайртай болохоор дараагийн нэг жагсаал дээр нэг Монгол Улсын аварга гарч ирээд “Би тэвчихгүй байж байгаад ирлээ” гээд толгойлоод явахад нөгөөхөө дагаад л намирах юм билээ. Жагсаал бол улс төрийн зорилготой байх хэрэгтэй. Гэтэл нийгмийн тархийг угаахдаа улс төржихгүй шүү гээд байгаа юм. Улс төржихгүй жагсаал юм бол улс төрчдөөс юу нэхээд байгаа юм. Тэгэхээр маш тодорхой улс төржинө. Бас нэг зүйл байна. А.Отгонбаатар жагсаал хийхээр энэ чинь нам байна. Бид ерөөсөө намгүй байя гээд бас тархи угаагаад байна. Гэтэл дэлхий дээрх улс орнуудын 98 хувь нь улс төрийн намын тогтолцоогоор явж байна. Манайд нам хэрэггүй юм бол МАН, АН яагаад хүчирхэгжээд байдаг юм. Яагаад нам хэрэггүй гээд байна гэхээр бид нарыг, гуравдагч хүчнүүдийг хүчтэй байхыг хүсэхгүй байна. Нам хэрэггүй гэвэл А.Отгонбаатар дээр хүмүүс нэгдэхгүй. Гэвч эцсийн дүндээ бид улс төрийн намаар сонгуульд орно. Нэг талд улс орноо өөрчлөх хүмүүс нь нэгдэж, зохион байгуулалтанд орж чадаагүй, тархай бутархай байхад нөгөө талд нөгөө л хоёр нам зохион байгуулалтанд ороод эргээд ард түмний саналыг авдаг хэвээрээ байна. Тэгэхээр ард түмнээ гэж дуугардаг хүмүүсийг нэгдүүлэхгүйн тулд нам хэрэггүй гэдэг үгийг МАН, АН хоёр хүмүүсийн тархинд шивж байна. Бид онолоо унших юм бол улс төрийн намаар л улс орноо өөрчилж, шинэчлэлт хийж байна шүү дээ.
Жишээлбэл, машинтай, морьтой, явган хэсэг хүмүүс уул руу гарах гэж байна гэж бодьё. Энэ хэсэг хүмүүсийг тус бүрт нь нэг нам гэж бодвол улс орноо бид тэр уул руу ингэж, ингэж гаргана аа л гэж байгаа юм. Улс орноо хөгжүүлэх өөр өөрсдийн тактикаа боловсруулаад ингээд явж байгаа юмыг л дундуур нь мэдлэггүй ард түмнээр бол маш их тоглодог юм байна. Тэгэхээр бид ард түмнээ мэдлэгжүүлж тэмцэх ёстой болж байна.
Тэгвэл өнгөрсөн жагсаалын оноо нь юу байв?
Яахав, ард түмэн нэгдэж, шаардаад, авлига албан тушаалын хуулийн 22.1-ийг өөрчлөх шаардлага өгсөн ч жагсаалын толгой буруу тийшээ явчихсан байсан учир яг яаж өөрчлүүлэх юм бэ гэдэг өгүүлбэрээ бид оруулж чадаагүй. Үүний улмаас нөгөө хэд нь өөрчилнө гэж хэлээд хуураад өөрчилж байх жишээний. Ийм зүйл дээр бид алдаж байна. Харин хамгийн том оноо гэвэл ард түмэн сэрсэн. Өмнө нь биднийг тэр хулгай хийгээд байна, энэ луйвар хийгээд байна гэхэд “А.Отгонбаатар энэ муу худлаа яриад, шантаажлаад байгаа юм биш үү” гээд ойлгодоггүй байсан бол одоо нийтээрээ дээр байгаа улсууд бол бүгд хулгайч юм байна гэдгийг ойлгосон нь хамгийн том сайн тал байлаа гэж би харж байна.
Одоо жагсаалаа бүхэлд нь дүгнээд ярья. Ямар үр дүнд хүрсэн бэ?
Одоо эргээд харахад бид зорьсон үр дүндээ ерөөсөө хүрээгүй. Бид бүх төрлийн баялгийн (нүүрс, алт, баяжмал, газрын тос) хулгайчдад хариуцлага тооцьё, үйлдвэр барья, ард түмэнд тэгш боломж олгоё, 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй хүмүүст хөрөнгөө нотлох шалгалт оруулья, нотлож чадахгүй бол хөрөнгийг нь хураая, том хэрэгт холбогдсон улс төрчид, тэдний хамаарал бүхий хүмүүсийн хэргийг шүүх хурдан шийд, тогтолцоог өөрчил гэж 12-р сарын 2-нд талбай дээр гарахдаа л ярьж эхэлсэн. Гэтэл нүүрсний хулгайчдаас өнөөдөр хэн нь ч шоронд ороогүй, ял аваагүй. Жинхэнэ эзэд нь зарлагдаагүй үлдсэн. Бид “ЖДҮ”-гийн зээл авсан УИХ-ын 49 гишүүний нэрийг мэдэж байсан. Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуулиар тэдний ихэнхийг эргээд парламентад гаргаад ирсэн.
Монголчууд хулгайчаа мэдэхгүй биш мэдээд байгаа. Гол нь хулгайчдад үүрүүлэх хариуцлагын тогтолцоо өөрөө шалаар нэг болчихоод байна.
Энэ бүх хулгайг уг үндсээр нь өөрчлөе гэвэл тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэж шаардаж байсан. Тогтолцоог өөрчлөх хэрэгтэйг иргэдэд ойлгуулах гээд өнгөрсөн 5-р сард би Төрийн ордонг гороолж мөргөж байлаа шүү дээ. Тухайн үед олон хүн “Энэ мэдрэл муутай юм өөрөө ордонд орох гэж мөргөж байна” гэж шоолж байсан. Одоо хүн болгон тогтолцоо гэж ярьж байна. Тэгэхээр анх зорьж байсан эдгээр зүйлүүддээ хүрээгүй учраас хувьдаа бол өнгөрсөн жагсаал үр дүнд хүрээгүй. Харин цагаан сарын дараа даагаа нэхээд асар том жагсаалыг хийх ёстой л гэж би харж байгаа.
Энэ жагсаалд гадны ашиг сонирхол орсон гэж манай үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнийхөн мэдээлэл хийж байсан. Танд тийм зүйл анзаарагдсан уу?
Ер нь бол жагсаалд үймээн самуун үүсгэхийг хулгай хийсэн улсууд их хүсдэг юм байна. Яагаад гэвэл Монголд үймээн самуун үүсч, буудалцаад, иргэний дайнд хүрэх юм бол нөгөө мөнгөө гадаадад нуусан улсууд чинь манай улсад иргэний дайн үүслээ би цагаачлал хүсч байна гээд гадагшаа нисээд нуусан мөнгөн дээрээ очих нь. Бид нөгөө хулгайчидтайгаа ноцолдох нь бүү хэл нэг нэгнээ буудаж алаад эндээ үлдэх гээд байна шүү дээ. Тэгэхээр тийм нөхцөл рүү түлхэх гэж их оролддог юм байна. Дараагийн нэг аюултай юм нь гадныхан. Жишээ нь, тэр жагсаалд байсан улсуудаас зарим нэг нь Хятадаас дэмжлэг, тусламж авья гэж байсан. Энэ бол муу ч сайн ч Монголын асуудал байхгүй юу.
Олгой хагаравч тогоон дотроо. 1921 онд асуудлаа шийдэхийн тулд Оросуудаас дэмжлэг аваад Оросууд дараа нь манай төрийг удирддаг болсноос болоод 1937-1939 онд 50 мянган Монгол хүнээ хэлмэгдүүлж алсан. Яг үүнтэй адил өнөөдөр бид аль нэг улсаас дэмжлэг хүсвэл тэд сайн санаж Монголд ирэхгүй ээ. Ирснийхээ маргааш Монголыг Монголоор нь л алуулна. Тийм учраас гадагшаа хандах, эх орноо дэлхийн шившиг болгох, Монголыг булай болгох гэсэн үйлдлүүдийн эсрэг бол би байсан. Монгол өнөөдөр муухай харагдаад маргааш нь зөв болгосон ч нийтдээ унасан Монголын нэр хүнд дэлхий дээр босохгүй. Энэ бол үнэт капитал. Эх орноо тэгж дэлхийн шившиг болгож тэмцэл хийх шаардлага байхгүй. Бид дотроо хулгайчтай нь үнэн. Гэхдээ өөрсдийн гараар, өөрсдийн аргаар шийдэх ёстой.
Энэ жагсаалаар жүжигчин Цогтоо бол өөр дүр, төрхөөр тодорч гарч ирсэн. Одоо бол тэрээр жүжигчин бас тэмцэгч Цогтоо болсон. Та хоёрын дунд үл ойлголцол гараад байх шиг байсан. Юунаас болсон юм бэ?
Бид хоёрын дунд үзэл бодлын ч юмуу зөрүү энэ тэр нэг их гараагүй л дээ. Сүүлд би Цогтоог дуудаад хэлсэн юм. Бид нар 12-р сарын 2-нд гарч ирсэн. 12-р сарын 3, 4, 5 гээд өрнөөд явсан. Чи 5-ны өдөр хальт гарч ирээд, 6-нд ингээд гарч ирсэн. Гарч ирэхдээ жагсаалд эхнээс нь явсан улсуудтай нэг удаа та бүхэн ямар зорилгоор жагсаж байгаа юм. Би ерөөсөө энэ бүгдийг эсэргүүцэж байна. Та нартай би зорилгоо нэгтгээд явья гэдэг ч юм уу? Ийм уулзалтыг нэг ч хийгээгүй. Өөрөө 20, 30 бүлэглэсэн хүмүүстэй гарч ирсэн. Цогтоог гарч ирэхээр хэвлэл гараад ирдэг. Хэвлэл түүнээс л яриа авдаг, магтдаг. Ийм л өнгө аяс, дэглэлттэй яваад байсан. Миний хардалт бол нөхдүүд өөрсдөө энэ хүнийг гаргаж ирлээ. Яагаад гэвэл нөхдүүдийн үгэнд хууртаж болох, хоёрт ард түмнийг хуурч чадах хэн нэгэн дүр энэ жагсаалын голд хэрэгтэй байжээ. Тийм учраас аваргыг бол гаргаж ирлээ гэдэг ойлголтыг би авч байсан. Цаг хугацаа бүх зүйлийг хэлэх байх.
Нөхөр өөрөө гарч ирээд Хятад улсаас дэмжлэг авья гэдэг үгийг хэлж байлаа. Тэр бүхэн нь миний анх зорьж байсан шаардлага, үзэл санаатай бол нийцэхгүй байсан учраас тэр бүгдийг хэлсэн.
Гэхдээ миний талаас Цогтоод хийсэн муу зүйл байхгүй. Нэг юм нь Х.Нямбаатараас чи хэдэн төгрөг авсан юм бэ гэж асуусан нь гай болчихож байгаа байхгүй юу. Х.Нямбаатарын сонгуульд ажилласан гэдэг яриа байсан боловч гурав хоног нэг ч сэтгүүлч Цогтоогоос хэдэн төгрөг авсныг нь асуугаагүй. Зөвхөн Цогтоог магтаад л байсан. Хэдэн төгрөг авсныг нь надаар бус сэтгүүлч хүн яагаад асуугаагүй юм бэ. Энэ үнэнг би асуусныхаа төлөө, Монголчууд үнэнд дургүй юм чинь үнэнийг нь л нядалж байгаа байхгүй юу. Ийм л юм болсон. Би нэг зүйлийг жагсаал цуглаанаас хараад байхад эх орноо сайхан болгоё гэж иргэд тэмцчихээд эсрэгээрээ эд нарын тоглоом болгоод, мэдлэг боловсролгүйн улмаас эх орноо аваачаад устгах хэмжээнд нь хүргэж болохгүй юм байна гэдэг ойлголтыг маш сайн авч байна. Тийм учраас зохион байгуулалттай жагсаал хийе. Тэгээд чи зохион байгуулалттай жагсаал хийлээ гээд шоронд хийнэ гэвэл тэр шоронд нь орьё гэж л бодож байна.
Талбай дээр хонож байсан залуусыг хэр таних вэ?
Хонож байсан залуус дотор цэвэр итгэл үнэмшлээрээ явж байгаа маш олон залуус байсан. Мэдээж тэдэн дунд нөхдүүд бас л байсан. Бид нийслэлээс гуйж гуйж дөрвөн гэр бариулаад байж байтал эргээд нийслэл гэр хураана гэхэд дотор байсан нөхдүүдээс гарч ирээд гэрийг нь өгөөд явуулья, хураалгая гээд гэнэтхэн өөрсдийгөө таниулаад гараад ирж байгаа байхгүй юу. Зовлон бол их байсан. Миний анх ярьж байсан зохион байгуулалтыг хийгээгүйгээс болж олон зовлон үүссэн. Гэртээ бид нар хэлэлцүүлэг хийгээд ард түмэн гайгүй эвээ олох гэтэл гэрийг нь буулгаж байгаа байхгүй юу. Тэгээд гаднаас орж ирээд А.Отгонбаатар гуай та яах гээд энд хүн цуглуулаад юм яриад байгаа юм бэ? Гэнэ. Үгүй ээ, энэ улсууд надтай уулзах гээд юм ярьж байна шүү дээ гэхэд үгүй ээ, таньтай биш бидэнтэй л уулзах ёстой. Бид нар хойно хэвтэж байна гээд гэрт хүмүүс орж юм ярих гэхээр гаръя, гаръя ордон тойрч гороолъё, алхъя гэдэг ч юмуу нэгдэх боломжийг ерөөсөө олгохгүй байсан. Ард түмэн хоорондоо уулзах боломжийг олгохгүй байсан. Тийм хүмүүс дунд нь байх шиг байсан. Цаг хугацаа бүгдийг зөв харуулна биз. Ингээд хэлэхээр тэдний троллууд над руу дайрах нь тодорхой. Тэгэхээр бид буух эзэнтэй, буцах хаягтай тийм л жагсаалыг хийх хэрэгтэй юм билээ.
Энэ хавар маш том жагсаал болно гэж байна. Жагсаалд оролцох иргэд ч их байх биз ээ. Эрх баригчдын хулгай, дээрэм, улс орны өр шир арай л дэндлээ. Иргэдийн амьдрал тартагтаа туллаа. Нийгэм бухимдалтай, ард түмэн хэцүү байна. Жагсаалд нэгдэх иргэдэд анхааруулж юу гэж хэлмээр байна?
Бид юуны төлөө жагсаж байгаа юм бэ гэдэг нэрээ эхлээд тохирох хэрэгтэй юм байна. Урьд өдөр нь лайвдаад, ойлгуулаад явах хэрэгтэй. Бид уг нь яг ингэж явж байтал дундуур нь 12-р сарын 4-н гэдэг эзэн биегүй хугацаа сэвээд баллачихаж байгаа байхгүй юу. Хаврын жагсаалын зорилго бол тодоорхой. Баялгийн хулгайчиддаа хариуцлага тооцьё, тогтолцоог өөрчилье. Тэгэхээр яг энэ зүйлийн төлөө нэгдье, санал нэг байна гэсэн хүмүүс л талбай руу ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй тэтгэврийн зээлээ тэглүүлье, нэмүүлье гэх гэж байгаа хүн бол тусдаа Тэнгисийн талбай дээр юмуу биднээс өөр газар жагсаалаа хийх хэрэгтэй. Яг зорилгодоо нэгдсэн хүмүүс нэг дор цуглах ёстой. Тийм учраас үүнийг манай иргэд анхаараач ээ. Тэгвэл бид нар жагсаалаа үр дүнтэй, цэгцтэй, зорилготой болгож чадах юм билээ. Үүнийг нийт иргэдэд хэлмээр байна. Мөн жагсаалд анх уриалаад явж байгаа хүмүүсээс “Би нэг ийм үйлдэл хийх гээд байна, үүнийг та нар зөвшөөрч байна уу үгүй юу” бүр ингэж асууж баймаар байна. Тэгэхгүй бол энэ хэд нь нэг зөв юм хийх гэж байтал нэг иргэн тэнд шууд өөрийгөө шатаана. Тэгэнгүүт нөхдүүд яахав “Өө энэ иргэдийг буруу зүйлд турхираад хүнийг шатаахад хүргэлээ” гээд бид нарыг баривчлаад явахад хүргэж байгаа байхгүй юу. Тэгэхээр жагсаалд ирсэн хүмүүсийг би үгэнд ор гэхгүй ч саналаа нэгтгээд яваарай гэж хэлье. Ингэхгүй бол эд нарын жагсаал самардаг мэргэн арга түм бум болчихоод байна шүү дээ.
Та бүхэн өөрсдийнхөө дэмжигч, жагсагчдыг бараг бүртгэлжүүлэх ажил явагдах гээд байна уу. Хэн нэгэн үймээн самуун дэгдээлээ гэж бодоход манайд бүртгэгдсэн жагсагч, дэмжигч биш байна гэдэг ч юмуу?
Ийм зүйлийг бид нар эхнээс нь гаргаж өгөх ёстой юм байна шүү дээ. Бид нүүрсний хулгайчдад хариуцлага тооцьё гэж эхлүүлсэн шүү дээ. Зөв биз. Тэгсэн чинь нэг хэсэг нь нэрс зарла гээд талбай дээр хэвтчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт иргэд нөгөө хонож байгаа хүмүүсээ хараад музей үзэж байгаа юм шиг болгочихсон. Бидний улс төрийн зорилго бол маш тодорхой. Дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг жагсаал болох ёстой. Гэтэл одоо хүн болгон өөр өөрийнхөөрөө загнаад, би чамд удирдуулах гэж ирээгүй гээд орилоод байгаа байхгүй юу. Мэдээж ойлгож байна. Надад удирдуул гэж ирээгүй. Энэ жагсаалын зорилгыг ойлгосон бол зорилгод удирдуулах гэж хүн жагсаалд ирдэг байхгүй юу. Хүнд бус. Үүнийг иргэд ойлгомоор байна. Тэгэхгүй бол дундуур нь тав, арван НАМЗХ-ны залуучууд орж ирээд голд нь өдөөн турхираад А.Отгонбаатараа бид нар чиний үгэнд орох гэж ирээгүй шүү хулгайч аа, би өөрийгөө мэдэж байна гэж орилоод жагсаал самраад байгаа юм. Зорилгын төлөө нэгдэнэ. Тэгэхээр зорилгоо маш тодорхой болгоно, үр дүнгээ гаргана. Маш том жагсаал хийж байж энэ улс орныг өөрчлөх хэрэгтэй. Иргэд амьд байгаа гэдгийг харуулах ёстой, бид.
Тогтолцооны өөрчлөлтийн талаар та ярьж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шинэчлэн найруулсан Үндсэн хуулийн төсөлд Үнэн ба зөв нам оролцсон уу?
Бид нар оролцоогүй. Н.Энхбаяр гуайн тэр шинэ Үндсэн хуулийн төсөл чинь МАН дээр байгуулагдсан ажлын хэсэг. Түүнд МУНН, МҮАН, ИЗНН, ШИНЭ нам, МАН гэсэн таван нам орсон. Би бол нэмэлт өөрчлөлт хийлгэх бодолтой байдаг. Зөвхөн сонгуулийн тогтолцоон дээрээ өөрчлөлт хийе гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Өнөөдөр ийм нэр хүндгүй парламентаар Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэвэл энэ 76 жинхэнэ маргааш нь эргээд харахад Монгол хүнийг дуугарч боссоных нь төлөө шоронд хийх Үндсэн хуультай болгоно. Тиймээс энэ парламентаар Үндсэн хуулиа өөрчлүүлж болохгүй. Тогтолцооны өөрчлөлт гэдэг нь сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд, нэг гишүүнд ногдож буй эрх мэдлийг багасгаж, өргөтгөсөн парламентийг бий болгож тэр УИХ нь шинэ Үндсэн хуулийг хийх даалгавартайгаар сонгууль хийгдэж болно. 2024 оноос өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд энэ сонгуулиар сонгогдож гарч ирсэн улсууд шинэ Үндсэн хуулийг батлана.
Тиймээс шинэ Үндсэн хуулийг батлах УИХ-д ард түмэн ямар төлөөллөө оруулья гэж бодож байна, зөв сонголтоо хий. Ингээд ард түмний сонголтоор зөв төлөөлөл нь орж ирээд шинэ Үндсэн хуулиа батлаж өгнө. Н.Энхбаяр гуайн Үндсэн хууль биш шүү. Ингээд шинэ Үндсэн хууль батласан парламент нь тараад дараагийн бүр зөв парламент бүрдэх ийм сонгууль болох ёстой. Энэ парламент нээлттэй байх ёстой. Өөрсдийн сонгосон парламентаа юу хийж байгааг нь мэддэг байх ёстой. Жишээ нь, өнөөдөр оруулж ирсэн хуулин дээр А.Отгонбаатар гишүүн ямар санал хэлсэн юм. Нөгөө авлигачдын оруулж ирсэн лобби хуулийг дэмжиж байна уу үгүй юу. Үүнийг иргэн бүр мэддэг байх ёстой.
Та улс төрийн намын даргын хувьд бусад намуудынхаа бодлого, үйл ажиллагааг харж, дүгнэж явдаг байх. АН-д үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн ажиглаж байна вэ?
Хувьдаа бол АН-ыг эвээ олоосой гэсэн итгэл үнэмшил байна. АН яагаад ийм байдалд орсон бэ гэвэл үүсгэн байгуулагчид нь амьд байхгүй юу. Залуучууд нь цуглаад намаа аварья гээд хурал хийхээр үүсгэн байгуулсан Ц.Элбэгдорж ч юмуу, Э.Бат-Үүл нь гаднаас орж ирээд хулгайчуудаа зайлцгаа, нам гэдэг чинь би байна, та нар юу яриад байгаа юм гээд хөөж гаргаад байгаа юм. Үүсгэн байгуулагч, өөрсдийгөө нам гээд ойлгочихсон улсууд нь амьд байгаа учраас АН ийм байна. Тиймээс энэ нам нам шиг нам байя гэвэл үүсгэн байгуулагч нар нь намаасаа явах ёстой. Тэдний үр удам нь явах ёстой. Тэгэхгүй бол үр удмаа хүртэл оруулчихаад энэ намыг чинь миний аав үүсгэн байгуулсан юм, тиймээс би хойморт нь суух ёстой. Чи энэ намыг мэдэхгүй учраас мундаг байсан ч үүдэнд суу гэж байна. Энэ нам чинь либериал үзэлтэй мөртлөө хаант засгийн, уламжлалын суурьтай нам болоод үзэл санаагаа гээчихээд байгаа байхгүй юу.
Тэгэхээр энэ намын үүсгэн байгуулагч нар нь зайлах ёстой. МАН яагаад болсон болоогүй ингээд яваад байна гэвэл үүсгэн байгуулагч нар нь байхгүй хэрэг. Үүсгэн байгуулагчдаа бүгдийг нь хэлмэгдүүлээд алчихсан шүү дээ. Монголд улс төрийн намыг онолын дагуу байгуулах, төлөвшүүлэх хэрэгтэй байгаа юм. Бидний авч яваа, манай намын хувьд зорилго бол ийм л зүйлээр авч яваа. Иргэд олон нийтийн төлөө тэмцэх ёстой бол тэр ажлаа өдөр, шөнөгүй хийж байх, амьд байж байх, иргэдэд мэдээлэл өгч байх энэ ажлаа л хийж явж байгаа.
МАН-ын удирдлагад байсан, байгаа хүмүүсийн хүүхдүүд өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашаад явж байна. Хунтайж нар гэж нэрлэдэг шүү дээ. Та бас залуу хүн...
Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр, Сү.Батболд нарын хүүхэд, хүргэдүүд гээд улс төрд ороод ирсэн байна л даа. Эд нар миний аав энэ албан тушаалд байсан юм аа гэдгээр явж байх шиг байна. Энэ өөрөө бас л буруу зам руугаа явж байгаа юм. Хэрвээ сонгуульд пропорционал тогтолцоог оруулаад ирэх юм бол энэ бүхэн өөрчлөгдөнө. Иргэд энэ тогтолцоогоор бидний сонгохгүй хүмүүс намын жагсаалтаар УИХ-д ороод ирнэ шүү дээ гэдэг. Гэхдээ эдгээр хүмүүсээсээ болоод нам цөөхөн санал аваад сонгуульд ялагдахад хүрнэ. Ялагдсаны маргааш намын эрүүл залуучууд нь гарч ирээд чи муу луйварчин нэг дээр жагссанаас болоод манай нам ядагдлаа. Одоо бид дараагийн сонгуульд орохдоо чамайг зайлуулж байгаад орно гээд нам дотор байгаа бузар булайгаа шахаад цэвэр нам дараагийн сонгууль руу орж ирэх төлөвшил нь явагдана. Гэх мэтээр маш олон буруу хүмүүс энэ пропорционал сонгуулийн тогтолцоогоор улс төрөөс шахагдаж гарна. Дээрээс нь намаа засч чадахгүй байж төрөө самраад байна шүү дээ. Жишээ нь, АН дотроо эвээ олоогүй 2012 оны сонгуульд ороод гарч ирээд нэг нэгнээ хутгалаал, төрөөрөө тоглоод дуусч байгаа юм. 1996 онд намаа засч чадаагүй улсууд төр бариад дөрвөн Засгийн газар солиод улс орноороо тоглож байгаа юм. Эхний ээлжинд улс төрийн намын төлөвшлийг бий болгохын тулд Үндсэн хууль, сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингээд уг үндсээрээ зөв зам руугаа орно. Тиймээс бид тогтолцооны өөрчлөлтийг яриад байгаа юм.
Та сошиалд олон дагагчтай хүн. УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан “Тролл”-ын гэгдэх хуулийн талаар та ямар бодолтой байна?
Энэ хуулийн гурав хоногийн дотор батлагдсан процесс дээр нь бид хамгийн түрүүн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хуулийг нь уншаад үзэхээр хүний эрхийг айхтар зөрчөөд байгаа юм би бол хараагүй. Хууль ороод ирэнгүүт парламент мэтгэлцээд зөв, бурууг нь шүүх ёстой. Тийм үүрэгтэй 76 хүн сууж байгаа байхгүй юу. Гэтэл тэр 76 хүн үүргээ биелүүлсэнгүй. Оруулж ирсэн хуулийг шүүмжилж чадахгүй, Засгийн Газарт бойкотлуулаад оруулж ирснээр нь батлаж өгч байна шүү дээ. Манайх парламентын засаглалтай гэсэн мөртлөө дэлхий дээр хаана ч байхгүй Засгийн Газар нь парламентаа бариад байна шүү дээ. Энэ бол давхар дээл өмсөөд УИХ-даа нөлөөлдөг, парламентын засаглал чинь нурчихсан. Тэгэхээр энэ давжаа парламентыг бид нар Засгийн Газарт бойкотлуулахгүй хэмжээнд хүргэх ёстой. Үүнийг өөрчлөхгүй бол хамгийн аймшигтай нь дахиад өөр нэг хууль гурав хоногийн дотор батлагдах эрсдэлтэй байна. Бусдаар бол тэр хуулинд буруу зүйл харагдахгүй байна. Троллуудыг олж устгах ёстой юу ёстой. Троллуудаас болж хүний нэр төр гутаагдаж үүнээс үүдэж ялангуяа бага насны хүүхдүүд хохирч байна уу хохирч байна.
Арван жилийн хүүхдүүд нээнтэгт орж амиа хорлоход хүрч байна. Хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамтанд өртөж байна. Цахим залилан газар авлаа. Өнөөдөр мань мэтийг троллын арми пижигнэтэл нүдэж байна шүү дээ.
МАН, АН дээр бусдыг гүтгэж харлуулдаг троллын арми байгаа шүү дээ. Энэ арми баян юмуу том нам дээр очоод сошиалын ажил хийе гээд хэдэн зуун саяын гэрээ авч нэг тролл армийн удирдагч баяжаад мань мэтийг элдэв янзаар доромжлуулаад явж байна шүү дээ. Тэгээд ийм улсуудыг бид цааш нь хөхиүлэн дэмжээд байх юм уу. Хуулиндаа асуудал байгаа юм биш. Батласан процесст нь асуудал байна. Ерөнхийлөгчийн хоригийг ч гэсэн анхааралтай ажиглахад хууль боловсруулахад олон нийтийн саналыг аваагүй байна. Энэ чинь алдаа байна гээд бүхэлд нь хориг тавьж байна шүү дээ. Бид гол юманд нь анхаарлаа хандуулаад сурчих хэрэгтэй байна. Ингээд гэрлийн хурдаар хууль батладаг байх юм уу. Энэ парламентын чинь үүрэг хаачсан юм бэ. 76 гишүүн яагаад ажлаа хийхгүй байна. Одоо Өвөрхангайн сонгогчид Д.Тогтохсүрэн энэ хуулийг дэмжсэн байна уу үгүй юу, үг хэлж үү үгүй юу ингээд иргэд өөрсдөө хянадаг болмоор байна. Г.Ганболд, С.Чинзориг дуугарч уу? Энэ баба хуулийг батлахад манай гурав дуугараагүй бол бүлэглэлд багтдаг юм байна гээд бид ойлгодог болмоор байна.
Үнэн ба зөв нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хэр бэлдэж байна вэ?
Гол нь эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс нэгдэх хэрэгтэй байна. Нэгдэж нэг улс төрийн хүчин болох ёстой. Тэгвэл бид өөрчлөлтийг хийж чадна. Гэтэл нам баба гэдгээр тэдгээр хүмүүсийн тархийг угаагаад байна. Намаас илүү ТББ нь дээр юм байна гэж тэд маань бодоод байна. Уул нь бид нэгдээд нэг улс төрийн хүчин, нам болоод, зохион байгуулалтанд ороод сонгуульд орох юм бол өөрчлөлтийг үзүүлж чадна. Яг үнэндээ сонгуулиар бид өөрөө өөрсдийнхөө эсрэг ажилладаг байхгүй юу. Улс орноо өөрчилье гээд нэг хэсэг нь яваад байдаг. Гэтэл сонгуулийн үеэр арван хэсэг тархай бутархай болоод ялагддаг. Тэгээд хар машины луйвар гэхээсээ илүү манай ард түмэн сонгуульдаа идэвхитэй оролцдог болох хэрэгтэй.
Эх орончид нь нэгдэх хэрэгтэй байна. Хүссэн, эс хүссэн улс орноо өөрчилье л гэвэл улс төрийн нам болж, үзэл санаагаа нэгтгэж байж өөрчилнө. 76 үхрийн эврийг нэг танхимд суулгавал нэг ч хууль батлаж чадахгүй. Бөөн хэрүүл тэмцэл болоод жинхэнэ Африкын орнууд шиг болно. Тиймээс санал бодлоо нэгтгэсэн, төлөвлөгөөтэй улсууд улс орноо өөрчилдөг юм аа. Үүнийг ядаж ойлгоод өгөөч ээ. Тиймээс бид бол хүмүүст юмаа ойлгуулах гээд бэлдэж байна. Чадахаараа ажиллаж байна. Та бүхэн харж байгаа байх, парламентад суудалгүй намуудаас хамгийн идэвхитэй, дөрвөн жилийн турш орилж чарлаад, гудамжинд сайн, муугаараа хэлэгдээд явж байгаа нам бол Үнэн ба зөв нам. Өөр нам бол байхгүй байх гэж би харж байна. Бусад намууд ч гэсэн ингээсэй. Сонгуулийн өдөр наад хэд чинь амь ороод энд тэнд баахан эвсэл болоод мань мэтийгээ хутгалаад л, санал хуваагаад л МАН, АН хоёрын идэш болдог. Дээрээс нь, Монгол Улсын төсвийг нэг хүүдийнд байна гээд эндээс бид том бүтээн байгуулалт хийх гэж байтал 76 тойргоос болоод төсвийн шуудайгаа 76 цоолчихож байгаа юм. Би сумандаа цэцэрлэг барина, би сургууль барина, би соёлын төв барина гээд. Нэг сургууль барих гэж 4 тэрбум төсөвлөөд 1 тэрбумаар нь бариад 3 тэрбумыг нь тендер зохицуулсан гэж шамшигдуулаад ингээд төсвөө бараад байгаа юм. Хэрвээ пропорционал сонгууль болвол олон зүйлд тус болно. Ухаандаа, төсвийн шуудай цоорхойгүй болно. Ингэхээр нөгөө 76 чинь нийт ард түмэнд таалагдахын тулд үйлдэр барья гэж орилно. Залуучууд эх орондоо ажиллая гэнэ. Тэтгэврийн шинэчлэл хийе гэж ярина. Ингээд том бодлого ярьсан хүнийг дэмждэг ард түмнийг бид бүтээж эхлэнэ ээ. Одоо байгаа тогтолцоогоор бол жалга, жалганы 76 атаман л байна шүү дээ.
Жишээ нь, Б.Дэлгэрсайхан гэдэг нөхөр Сэлэнгээс төмрийн хүдэр ухдаг. Гэтэл Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Сэлэнгээс ухсан хүдрийнхээ мөнгөөр Дорноговьд юм хийгээд хувийн хөрөнгөөрөө юм хийдэг сайн хүн гэж үнэлэгдээд байдаг.
Сэлэнгийнхэн зүхээд, зүхээд санал өгч чадахгүй. Иймээс сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх ёстой. Арай чүү юм ордон тойрч гороолж, гороолж тогтолцоо гэж ойлгуулсан зовлонг, хүмүүс тогтолцоо яриад ойлгоод ирэнгүүт нь баахан ардын баатрууд ондоо, ондоо юм ярьж гарч ирээд ахиад самарчихаж байгаа юм. Нөхцөл байдал өнөөдөр ийм байна. Үүнийг хийхийн тулд цагаан сарын дараа асар том, үр дүнтэй, зохион байгуулалттай жагсаалыг хийх л хэрэгтэй. Ингэж гаднаас нь айлгаж байгаад хийлгэхгүй бол МАН хэзээ ч хийхгүй юм байна гэдгийг одоо харж байна. Яагаад гэвэл цагаан сар дөхөж байна. Бүгд л тойрог руугаа хэвийн боов тарааж байна. Энэ нь МАН сонгуулийн пропорционал тогтолцоо хийхгүй гэсэн ойлголтыг би шууд эндээс авч байна. Бүгд тойргоо услаад эхэллээ шүү дээ. Хийхээр байсан бол эд нар тойргоо услахгүй. Мэдээж хайртай болоод өгч байна гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Хулхидах л гэж өгч байгаа юм.
Танай сайтыг ашиглаад ахиад нэг зүйлийг хэлье. Мянганы луйвар гээд “Бодь интернэйшнл”-ийн зураглалыг би гаргасан байгаа юм. “Бодь” өнөөдөр юу хийсэн бэ гэхээр Гашуун сухайтын төмөр замыг тавьсан. Цагаан хаднаас Шивээ-Хүрэнгийн боомт хүртэл богино төмөр замыг тавьсан юм. Таван толгой, Гашуун сухайтаас Ухаа худаг хүртлэх төмөр замыг манай Монголчууд буюу цэргүүд тавьсан байхгүй юу. Нөгөө Х.Баттулгын шалгагдаад байгаа. Энэ хэсгийн замыг “Бодь интернэйшнл” тавихдаа 1 км нь 4 сая долараар тавьсан. Гэтэл Гашуун сухайтаас Ухаа худаг хүртлэх энэ замыг төр буюу цэргүүд тавихдаа 1 км 1.1 сая доллараар тавьсан байгаа юм. Бодь болохоор 4 сая доллараар тавьсан. Хүмүүсийн ярьж байгаагаар, хэдийгээр Бодь “бид гоё зам тавьсан” гэж байгаа боловч ижилхэн энгийн зам гэж байгаа юм. Гэтэл ийм үнэтэй тавьсан. Энэ хоёр замын зөрүү нь 2.9 сая доллар. Үүнийг километрээр нь бодоод, алдагдсан өртгийг тооцвол 928.3 сая доллар болж байна. Үүнийг ахиад тооцоод “Бодь” яаж луйвар хийсэн бэ гэвэл Гашуун сухайтын төмөр замыг тавих өртгөө нүүрсээр авья гэсэн. Монголын төрд мөнгө байхгүй учир бид нүүрсээр авья гэсэн. Бид өөрсдөө нүүрсээ зараад мөнгө болгоод эх орондоо төмөр зам тавиад өгье гэсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр тэр үед нэг тонн нүүрс бодит өртөг нь 300 доллар байсан. Гэтэл “Бодь” нэг тонныг нь 60 доллараар Эрдэнэс таван толгойтой гэрээ хийж авсан. За ингээд нэг тонн нүүрсэн дээрээс “Бодь” 240 долларын зөрүү олж идэж байгаа юм. Үүнийг нь бид нар ингээд тооцох юм бол алдагдсан өртөг нь 5.1 тэрбум доллар болж байна. Ингээд 1 км замын болон 12 тонн нүүрсний үнийн зөрүүнээс “Бодь” 6 тэрбум доллар авсан. Энэ нь Монгол мөнгөөр 21 их наяд төгрөг. Энэ жилийн буюу 2023 оны улсын төсөв 18 их наяд төгрөг шүү дээ.
Монгол Улсын нэг жилийн төсвөөс их энэ 21 их наяд төгрөгөөр нэг хүнд 100 сая төгрөгөөр үнэгүй орон сууц барьж өгнө гэж тооцвол 210000 орон сууц болно. Ард иргэддээ тараах юм бол нэг хүнд 6160000 төгрөг ногдож болох мөнгийг “Бодь” зүгээр л эндээс луйвардсан. Нүүрсний луйвар дээр ганцхан “Бодь” гэхэд л ийм луйвар хийсэн. Ийм зүйлүүдийг бид талбай дээр гараад хэлээд явах гэхээр хажуугаар орж ирээд ямар ч үр дүнгүй болгоод дуусгаж байна. Бусдыг буруутгаад яахав. Бид өөрсдөө л арчаагүй байгаа юм. Бид нар л чадсангүй. Үүнийгээ ард түмэнд ойлгуулж чадсангүй. Хэрвээ бид хулгайгаа зогсоогоод 21 их наяд төгрөгийг “Бодь”-оос бид авахад Улаанбаатар хотын 210 мянган айлыг хоёр өрөө орон сууцанд оруулаад өгчих боломж бол байсан. Тэгээд энэ хулгайг зогсооё гэвэл Эрдэнэс таван толгойн төрийн эзэмшилд байгаа 84.5 хувийг нийт ард түмэнд хувьцаа байдлаар олго гэдэг зүйлийг бид шаардсан. Ингэвэл нэг иргэний дансанд сард 100-200 мянган төгрөг орж ирнэ. Иргэн бүр өөрийнхөө дансанд орж ирж байгаа мөнгөө хянахаар Эрдэнэс таван толгойд ард түмний хяналт жинхэнэ утгаараа тогтох байсан. Энэ мэтчилэн олон зүйлсийг бид ярьж ойлгуулах байсан ч нэг ч хэвлэл мэдээлэл яриа авахгүй байсан. Миний муу лайв хөөрхий хүч нь хүрэхгүй байсаар байгаад үр дүнгүй болоод замхараад дууссан.
Ярилцсан Ч.Явуухүү
sonin.mn
зочин · 2023/02/06
муу хошного
zochin · 2023/02/04
zov l um yrij bna , ooriig chin demjdeg schuu !!! , chavar boloch jagsaal chin ur dund chureesee bilee .
DR. PRADHAN · 2023/02/04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)