Өчигдөр Африк тивийн Уганда улсын парламент ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хуулийн төслийг хэлэлцэж, үнэмлэхүй олонхоороо дэмжжээ.

Энэ хууль хэрэгжвэл ижил хүйстнүүдийг болон ижил хүйстний харилцааг дэмжсэн, дэлгэрүүлсэн, санхүүжүүлсэн хүмүүсийг цаазалдаг болох юм.

Угандын парламентын 389 гишүүний ердөө хоёр нь энэ хуулийн төслийг дэмжихээс татгалзжээ.

“Хуулийн төсөл нь буруу агуулгатай, үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйлсэд олсон ололт амжилтаас ухарсан, хууль эрх зүйн хэм хэмжээг зөрсөн тул эсэргүүцсэн” гэж тэдний нэг, эрх баригч намын төлөөлөл Одой-Ойвелово чуулганы дараа мэдэгдсэн байна.

Одоо хуулийн төслийг Угандын ерөнхийлөгч Ёвери Мусевени батлах, эсвэл хориг тавих эрхтэй юм.

Өмнө нь тэр маргаан дагуулсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.

Загалмайн шашны хуучинсаг ёс ноёлдог Уганда улсад одоо үйлчилж байгаа хуулиар ижил хүйстнүүдэд бүх насаар нь хорих ял оноодог. Шинэ хууль үүнийг улам чангатгаж, цаазын ялтай болгох юм.

Гуравдугаар сарын 16-нд парламентад хандаж үг хэлэхдээ ерөнхийлөгч Мусевени “Өрнөдийн орнууд өөрсдийн зан үйлийг бусдад тулгахдаа хүн төрөлхтний цаг завыг үрээд хэрэггүй юм. Ижил хүйстнүүд бол хэвийн амьдралаас хазайсан хүмүүс. Энэ нь байгалиас заяагдсан зүйл үү, хүмүүжлийн асуудал уу? Бид энэ асуултын хариуг олох хэрэгтэй. Энэ талаар эмнэлгийн дүгнэлт гаргах шаардлагатай байна” гэж байжээ.

Африк тивийн ихэнх улсад ижил хүйстний харилцааг хуулиар хориглодог. Хэрвээ Уганда улсад шинэ хууль батлагдвал бүс нутгийн хэмжээнд шинэ жижиг тогтоох аюултай гэж ажиглагчид үзэж байна.

“Хүний хэд хэдэн суурь эрхийг зөрчсөн хуулийн төслийг парламент дэмжсэнд харамсаж байна. Энэ нь бусад улс орнуудад илүү харгис хууль батлагдах, хүний эрх илүү их зөрчигдөх үүд хаалгыг нээж байна. Ерөнхийлөгч Мусевени үүнд хориг тавих хэрэгтэй” гэж Human Rights Watch байгууллагын Африкийн салбарын судлаач Орем Ниеко ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian