"ASTRO" хамтлагийн Mүн Бин амиа хорложээ
2023/04/20
Өмнөд Солонгосын хөвгүүдийн "ASTRO" хамтлагийн гишүүн Мүн Бин өчигдөр буюу 2023.04.19-ний 20:10 минутад таалал төгсжээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлон нас барсан байж болзошгүй хэмээн мэдээлээд байна.
"ASTRO" хамтлагийн харьяалагддаг "Fantagio" агентлагийн зүгээс түүний нас барсныг баталгаажуулан, эмгэнэл илэрхийлжээ.
Уг эмгэнэлд "Fantagio байна. Юуны өмнө гунигтай, зүрх шимшрүүлсэн мэдээ дуулгах гэж байгаад хүлцэл өчье. Дөрөвдүгээр сарын 19-нд ASTRO-ийн гишүүн Мүн Бин тэнгэрт од болохын тулд биднийг орхин одлоо.
Бидний уй гашууг хайртай хүү, дүүгээ алдсан гэр бүлийнхэнтэй харьцуулшгүй ч ASTRO-ийн гишүүд , Fantagio-ийн уран бүтээлчид, компанийн удирдлагууд, ажилтнууд, талийгаачийн төлөө маш их харамсаж, цочирдож, эмгэнэн гашуудаж байна.
Мүн Бинийг дэмжиж, хайрладаг байсан шүтэн бишрэгчдэд нь гэнэтийн таагүй мэдээ дуулгаж байгаа нь зүрх шимшрүүлж байна. Шүтэн бишрэгчдээ хэнээс ч илүү хайрлаж, халамжилдаг байсан талийгаачийн сэтгэлийг бид мэддэг байсан учраас сэтгэл өвдөж байна.
Гэнэтийн мэдээ сонссон гэр бүлийнхэн нь талийгаачдаа хүндэтгэл үзүүлэхийг хүсэж элдэв таамаглал, хорлонтой мэдээллээс татгалзахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэр бүлийнхнийх нь хүсэлтээр оршуулах ёслолыг гэр бүл, компанийн ажилчдын хүрээнд нам гүм байдлаар явуудах болно. Талийгаачид дахин гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.
Мүн Бин 2021 оны аравдугаар сарын 6-нд нэгэн подкастд оролцжээ. Шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл санааг дэмжихийг хүссэн тэрээр "Чамд уйлах үе гардаг уу? Зүгээр дээ, Заримдаа нулимс цийлэгнэх үе бий. Ийм үед зүгээр л уйлах нь сэтгэл санааг чинь тайвшруулна. Сайн уйлсны дараа тайвшрах болно. Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно, санаа зовох хэрэггүй" хэмээж байсныг шүтэн бишрэгчид нь эргэн санаж, олон нийтийн сүлжээнд дахин нийтэлж эхэлжээ.
Өнөөдөр түүний ээжийн төрсөн өдөр байсан нь олон нийтийг багагүй цочирдуулаад байна. Мүн Биний дүү Мүн Су А нь "Billie" хамтлагийн гишүүн бөгөөд тус хамтлагийн бүх үйл ажиллагааг зогсоож буйг агентлагийн зүгээс мэдэгджээ.