Улс маань сүүлийн ..жилүүдэд нилээд үймээн, бужигнаантай байх болов. Гадаадад байгаа найз нөхөд "Наана чинь юу болоод байна вэ" гэж ярих юм. Энд болохоор "Хуучин 30 жил нурж унаж байна" гэж ярьж буй. Нурах нь ч юу юм бэ.

Гэхдээ олон зүйл урьдынхаараа үргэлжлэх боломжгүй болов. Энэ бол үнэн. Ардчилалтай нас чацуу өнгөрсөн хугацаанд Монголд болж бүтэхгүй олон үйл явдал өрнөж, тогтолцоо бий болсон. Үүнийг өнөөдөр нийтээрээ ядуу зүдүү, "нэгхэн хувь" нь баян тарган амьдарч байгаагаас шууд харж болно л доо. Монголыг "талх" хэмээвэл ганцхан зүсмийг бүгдэд хуваагаад, бусдыг нь хэдхэн хүн идэхтэй л адил юм.

 

Үнэндээ тэртээх гуч гаруй жилийн өмнө Монголд нийгэм солигдох үед, түүний дараахан мэдээлэлд ойр ажиллаж байсан хүмүүс өнөөдөр хамгийн том амьдарч байгаад нийтээрээ дургүй байдаг юм. Тухайн үед тагнуулын байгууллагын уул уурхай хариуцаж байсан офицер өнөөдөр Монголын хамгийн олон ордтой гэр бүлийн тэргүүн болсон.

 

Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан этгээд өнөөдөр гадаад харилцаанд суурилсан бизнесийн акул, Монголын хамгийн нөлөө бүхий улстөрч, бизнесмэн болжээ. Ийм түүхийг мэддэг хүн дэндүү олон. Учир нь бид л цөөхүүлээ шүү дээ. Мөн тэдний оролцоотой улс төр, бизнесийн бүлэглэл өнгөрсөн 30 жилд хүчээ авсан. Төрийн албан тушаал, байгалийн баялаг дагасан хуваарилалтыг тэд мэддэг болсон. Гучин жилийн сүүлийн хагаст хууль хяналтынхан энэ бүлэглэлийн нэг хэсэг болж ажилласан. Үүнд бас л бүгдээрээ таагүй ханддаг. Шударга бус явдал гэж үздэг.

 

Гэвч энэ талаар хэн нэгэн ил тод ярьж байсангүй. Байх ёстой л үзэгдэл мэт үзэж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд тэдний үймүүлэгч гарч ирсэн. Тэр нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Анх 2016 онд УИХ-ын гишүүн болоод л болж бүтэхгүй юм яриад эхэлсэн. Тэрийгээ ч бараг хийсэн дээ.

 

УИХ дахь МАН-ын 33:32- ын бүлэг, Ж.Эрдэнэбатын Засгийн газар, УИХ-ын дарга М.Энхболд нарын огцролт, У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд, МАН-ын даргад очсон томилгоонуудын араас энэ Л.Оюун-Эрдэнэ заавал гарч ирэх ёстой. Тэрбээр Ерөнхий сайд болсноосоо хойш улам үймүүлэх болов. "Эрдэнэт", "Монголросцветмет"-ийн 49 хувийг төрд авсан. Ямар ч байсан тус 49 хувийг Монголд авч ирсэн нь хууль зөрчсөн гэж хууль хяналтынхан үзээд байгаа. Харин УИХ- аас Д.Эрдэнэбилэгтэй өгөө аваагаа цэгцлэхийг даалгасан тогтоол гаргасан. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ түүнтэй ямар тохироо хийж, УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх гэж байгаа юм, бүү мэд. "Оюу толгой" төслийн хөрөнгө оруулагчидтай тулж ажилласан. 2.3 тэрбум долларын хөрөнгө оруулалтын өрийг хаасан. Тэгээд гүний уурхайг ашиглалтад оруулсан. Харин Л.Оюун- Эрдэнэ ингэснээр 10 гаруй жилийн турш зүхүүлж ирсэн С.Баяр, С.Баярцогт хоёрын гавьяаг тодруулж өгсөн юм. Хэрвээ тэд 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулаагүй бол өнөөдрийн үйл явдал юу гэж болох билээ дээ.

 

Хөгжлийн банкны хэргийг одоо шүүж байна. Энэ банк дээр бол "манай хэд" хэдэн жил найрлачихсан байдаг. Улсын хөгжилд тустай том төсөл гэхээр баргийн хүн энэ банк руу халдах аргагүй. Тэр утгаараа Хөгжлийн банкийг өөрсдөдөө зориулсан мэт харагддаг. Зээл^хуй гээд цөлмөсөн үйлдлүүд нь ч үүнийг нотолно. Хамгийн гол нь "Хөгжлийн банк болохгүй байна" гэж хэдэн жил яригдсан.

 

Яваад л байсан. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод удалгүй үймүүлээд эхэлсэн. Түүний үймүүлсэн "тогтолцоо"-ны хамгийн том нь одоогоор нүүрсний хулгай болоод байна. Тэрбээр энэ хулгайг шалгаж Одоогоор өөрийнх нь намын хоёр, "өрөөл''-ийн нэг гишүүн нүүрстэй холбоотойгоор УИХ- ын гишүүнээс чөлөөлөгдөөд байна. Энэ цаашаа хөвөрнө. Өшөө том албан тушаалтнууд шалгуулна. Их л үймнэ дээ. Одоо гэхэд л АТГ, прокурорын түвшинд "дунд гар"-ын олон албан тушаалтан нүүрсний хэргээр шалгуулж байгаа юм байна лээ. Хамгийн сүүлд С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарлаа. 25 жилийн өмнө гарсан энэ аймшигт аллагыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гурван хүн үйлдсэн болохыг таван жилийн өмнө шүүхээр эцэслэн тогтоож байв.

 

Гэтэл Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн жилийн ”Март-8"- наар Т.Чимгээгийн хоригдож буй Хорих ангид очсон. Тэр өдөртөө Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргээс Т.Чимгээтэй холбоотой зарим материалыг нууцаас гаргасан. Удалгүй, тавдугаар сард нь дээрх хоёр хүнийг эрүүдэн шүүж хэрэг үүрүүлсэн болж таарсан.

 

Өнгөрсөн долоо хоногт прокурор "Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр С.Зоригийг хөнөөсөн нь нотлогдсонгүй" гээд хэрэгсэхгүй болгов. ЭЦА-ны даргаар ахлуулсан ажлын хэсэг уг хэргийг шинээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Удахгүй шинэ мэдээллүүд хөврөх нь тодорхой болж байна. “5 Ш " -и й н '' Ш у в у у" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг Филиппинээс аваад ирсэн. "Т.Бадамжунай юу ярих нь вэ" гээд бэмбийж айсан хүн цөөнгүй байгаа дуулдана. Удахгүй Н.Удаанжаргал ирнэ. Нүүрсний хулгайд холбогдсон том жижиг улс төр, бизнесийнхэн сандарч үймэлдээд сүйд болж байгаа сонсогдоно. Харин Л.Оюун-Эрдэнэ ингээд зогсохгүй, араас нь газрын наймаа, тусгай сангуудын зарцуулалт гээд нөгөө л "30 жилийн хур"-ыг бас гаргаж ирж үймүүлэх бололтой. Хамгийн чухал нь энэ бүхний дүнд монголчуудын нэгхэн хувь биш нийтээрээ халаас түүнтийж, түрийавч зузаарах болтугай л гэе дээ.

 

М.Мөнх

сонин.мн