Маргааш ЭЕШ Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ
2014/06/12
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ. Маргааш Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх шалгуулагчид өгч байгаа нь өнөө жилийн шалгалтын онцлог. Энэ нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, харилцааны түвшинг тогтоох, дархлааг сайжруулах зорилготой бөгөөд энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй.
Шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр сонгосон бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй болох юм. Ерөнхий боловсролын сургууль төгссөн 32943 сурагч, өмнөх жилүүдийн төгсөгч 5839 хүн, нийт 38.332 шалгуулагч оролцохоор бүртгүүлжээ.
Өнгөрсөн онд төгссөн шалгуулагчид өнөөдөр 17:00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд биечлэн очиж, бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулна. Энэ жилээс эхлэн суудлын хуваарь буюу шар хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсанд бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч шалгуулагчийн булангаас хэвлэж авсан.
Шалгуулагч нь шалгалтын байранд шалгалт эхлэхээс цагийн өмнө очих ёстой. Ингэхдээ иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь зэргийг бүрдүүлэн авч очих шаардлагатай.
ЭЕШ-ын хуваарийг танилцуулж байна.
Х.Даваа
Zalaat · 2014/06/14
heregtei medeelel bna bayarlav