Д.Сумъяабазар: УИХ-ын гишүүн Н.Ганибал намайг удаа дараа гүтгэн доромжилж байна
2023/05/11
УИХ-ын гишүүн Н.Ганибал Хотын дарга Д.Сумъяабазарыг нүүрсний хэрэгтэй холбоотой гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар Хотын дарга Д.Сумъяабазар тайлбар өгчээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Н.Ганибал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг удаа дараа гүтгэн дайрч, гүжирдэн доромжилж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хувь улстөрчийнх нь хувьд улс төр гэж үзэн, хүлээцтэй хандаж ирсэн.
Гэсэн ч УИХ-ын гишүүн Н.Ганибал гүжирдлэг, гүтгэлгээ улам бүр лавшруулж, хотын иргэдийг төөрөгдүүлэхүйцээр удаа дараа хэвлэн нийтлүүлж байна. Миний бие хувьдаа өнгөрсөн хугацаанд нүүрсний орд хувьдаа авах бус харин ч УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа "Нүүрсний хулгай"-тай тэмцэж, хулгай хийх тогтолцоог үгүй хийхийн төлөө олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах нээлттэй санаачилга дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллаж ирсэн.
Тэрхүү санал санаачилгын нотолгоо болсон тэмцэж, хэлж, сануулж байсан бүхэн архивт, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд бий. Гэтэл намайг нүүрсний хулгайч мэтээр удаа дараа мэдээлэл хийж байгаа учир хуулийн байгууллагад албан ёсоор хандахаа илэрхийлье. Мөн нийслэлийн тулгамдсан, олон жилийн ужгирсан асуудлыг шийдэхийн тулд Улаанбаатар хот санхүүгийн чадамжтай болох ёстой. Үгүй бол нийслэлийн тулгамдсан асуудал улам ужгирсаар байх болно. Үүний тулд хот эдийн засгийн хувьд бие даан ажиллахуйц санхүүгийн чадавхтай болох зайлшгүй шаардлагатай байна.
Энэ хүрээнд Эрдэнэс Баянбогдын тухайд тухайд өдгөө “Эрдэнэс Монгол” ХК 34 хувийг нь, хот 66 хувийг нь эзэмшиж байгаа Нүүрсний илэрцтэй талбай. Энэ талбайд хайгуулын ажлыг эрчимжүүлж, олборлолт эхлүүлж гэмээнэ Улаанбаатар хот хувь эзэмших, тэндээс олсон орлогоороо түгжрэл, дэд бүтэц, тохижилт зэрэг ужгирсан асуудлуудаа шийдэхэд дэм болох учиртай. Үүнийг дан ганц хотын удирдлага, баг хамт олон шийдээгүй. Засгийн газар болон Улсын их хурлын гишүүдийн дэмжлэгийг хүлээж буй санаачилга. Хайгуулын ажлыг эрчимжүүлж, олборлолтод шилжүүлснээр үр шим, ашиг тусыг нь нийслэлийн 1,6 сая иргэн хүртэх учиртай.
Мөн дараа, дараагийн хотын дарга нар ажлаа санхүүгийн саадгүй хийх суурь болоосой хэмээн хүссэндээ энэхүү санаачилгыг гаргасан. Дахин хэлэхэд энэ талбай нь өнөөдрийн байдлаар нөөц нь эцэслэн тогтоогдоогүй, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороогүй, геологийн улсын фондод бүртгэгдээгүй бөгөөд санаачилгын түвшинд яригдаж байгаа асуудлыг стратегийн орд хэмээн эндүүрч, хувьдаа авсан мэтээр худал мэдээлэл тарааж, гүтгэх нь хууль тогтоогч УИХ-ын гишүүний хувьд яавч хүлээн зөвшөөрч болох үйлдэл биш юм. Иймд хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахаа илэрхийлье. Мөн УИХ-аас баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хөгжил дэвшилд хүрэх санал санаачилгаа ажил хэрэг болгож, үр дүнд хүргэх бүрэн эрхтэй ч, үүрэгтэй ч гэдгийг сануулъя" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2023/05/12
Ганибал өөрөө юу хийсэн казак уу?