УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Та Боловсролын ерөнхий хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа.   Хуулийн төслийг 2021 онд өргөн барьсан шүү дээ. Гэвч хуулийн хэлэлцүүлэг хойшлоод байдаг.   Энэ хаврын чуулганаар батлагдаж амжих уу?

 

- Хуулийг батлах хугацаа удааширч байгаагийн гол шалтгаан нь энэ бол  өргөн хэмжээний багц хууль.  Анх өргөн баригдахдаа долоон хууль байсан. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн тухай хууль, Боловсролын томилгоотой холбоотой хууль,  Мэргэжлийн боловсролын тухай хууль, Хүмүүнлэг боловсролын тухай хууль зэрэг багтаж байсан. Ажлын хэсэг ярилцаад хоёр хуулийг нь нэгтгээд таван хууль болгон хэлэлцүүлэгт бэлтгэж байна.  Энэ чуулганы хугацаанд амжаад гурван хуулийн төслөө батлуулчих юм сан гэсэн зорилго бий.

 

-Ямар хуулийн төслүүдийг нь нэгтгэв?

 

-Дээд боловсролын тухай хуулийг Судалгааны их сургуулийн тухай хуультай нэгтгэсэн.  Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан боловсролын томилгоотой холбоотой хуулийн төслийг  Ерөнхий хууль руугаа орууллаа. Хоёрдугаарт, Мэргэжлийн боловсролын салбар маань ХНХЯ-ны харьяанд байсан бол өнгөрсөн жил Засгийн газраас өөрчлөлт оруулж Боловсролын яамны харьяанд авчирсан. Энэ өөрчлөлтөд нийцүүлж, хуулийн төслийг дахин боловсрууллаа. Мөн дунд нь Засгийн газраас хуулийн төслөө эгүүлэн татаж,  дахин өргөн барьсан гээд цаг үеийн олон учир шалтгааны улмаас хэлэлцүүлэг хойшилсон тал бий. Ер нь ардчиллын 33 жилийн түүхэнд шинэ үеийн боловсролыг бид дандаа тус тусын хуулиар зохицуулж иржээ. Энэ нь өөрөө боловсролын салбарт гажуудал үүсгэж байсан. Тэгэхээр шинэ зохицуулалтаар үнэлгээ хийж үзээд, Монголын боловсролын тогтолцоог сургуулийн өмнөх боловсролоос насан туршийн боловсрол хүртэл цогцоор нь шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгэхгүй хэсэгчилж хууль гаргаад байхаар хууль эрх зүйн хувьд ч ойлгомжгүй, тогтворгүй болж байна. Боловсролын маань үзэл баримтлал нь ч алдагдаад байгааг анзаарах хэрэгтэй.  Тэгэхээр реформын шинжтэй хууль учраас цаг хугацаа ч нэлээд орж байгааг дурдах нь зүйтэй.

 

-Багцаар авч үзэхээр зарим талдаа асуудал орхигдох тал бий юу?

 

-Хуулийн техникийн хувьд ажиллагаа ихтэй. Гэхдээ мэдээж боловсролын салбарыг цогцоор нь харж байна гэдэг маш сайн зүйл. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол, мэргэжлийн боловсрол, насан туршийн боловсрол гээд бүх салбарыг нэг нүдээр харж, уялдаа холбоог нь хангаж, “араа шүд”-ийг нь тааруулна гэсэн үг л дээ. Энэ нь цаашлаад Монголын боловсролын салбарыг дэлхийн түвшинд очих, өөрийгөө үнэлдэг болох, олон улстай хөл нийлүүлдэг болох бүх үүд хаалгыг нээж өгөх юм. Одоо байгаа бүх  чөдөр гацаануудыг тайлна гэсэн үг. Олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний боловсролын тогтолцоотой болох нь энэ хуулийн гол агуулга.

 

-Хуулийн төсөл анх хэлэлцэгдэж эхлэхэд мэргэжлийн боловсролын салбарын тухай олон баримт чуулганы танхимд яригдаж байсан.  Энэ асуудал юу болсон бэ?

 

-Мэргэжлийн боловсролын салбар маань сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ХНХЯ хариуцдаг, халамжийн салбар болоод хувирчихсан байсан. Яг үнэндээ сард олгодог 200 мянган төгрөгийнх нь төлөө л хүмүүс сурдаг болчихсон. Тэгээд бүртгэлдээ 30 гаруй мянган хүн сурдаг гэчихсэн. Гэтэл яг үнэндээ 17 мянга гэсэн тоо гарсан шүү. Чанарын тухай ярихад ч хэцүү. Дархан-Уул аймагт байгаа гурван МСҮТ гэхэд сургаж байгаа мэргэжлүүд нь бүгд давхардаж байх жишээтэй. Ямар ч боловсон хүчний тооцоолол байхгүй. Тэр бүр илүү зардал гаргаж үр дүн багасна шүү дээ. Үүнийг өөрчилнө. Мэргэжлийн боловсролын чиглэлд Герман, Австрали, Канадын загварууд маш амжилттай хэрэгжсэн байдаг. Мэргэжлийн холбоодтойгоо уялдаж,  Худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл,  зах зээл дээр ямар ажлын байр их байна. Ажил олгогч нараа судална гэсэн үг. Тэгээд тэрэнд  тохирсон сургалтыг явуулдаг модель руу шилжих ёстой. Ингэж байж яг хэрэгцээтэй ажиллах хүчнийхээ нөөцийг бэлдэнэ. Тэгэхээр  Мэргэжлийн боловсролын хууль гэж хаяглаж байгаа боловч цаагуураа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хууль болох юм. 

 

-Боловсролын салбарын үнэлгээний тогтолцоог ил тод нээлттэй явуулдаг болно гэсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Монголын боловсрол түвшин бүртээ гурван жил тутамд олон улсын үнэлгээнд орно.  Тухайлбал, Ерөнхий боловсролын  сургуулиуд PISA-гийн үнэлгээнд орно. Ерөнхий боловсролыг үнэлдэг олон үнэлгээнүүд байдгаас PISA –г сонгосон. Дэлхийн хамгийн олон орон орсон хамгийн бодитой  үнэлдэг гэж болно. Энэ үнэлгээнд бид нар хэзээ ч орж байгаагүй. Монголын боловсрол муу байна гэж бүгд ярьдаг. Хэн үнэлчихсэн юм, юутай харьцуулсан юм. Мэдэхгүй шүү дээ. Бид нар хаанаа алдаад, хаанаа оноод байгаа юм  гэсэн бодит үнэлэлт дүгнэлт байхгүй байна.  Тэгэхээр энэ үнэлгээг хийснээр бид ер нь дэлхийн хаана яваагаа хардаг болно. Мөн багшийг үнэлдэг болно. Энэ үнэлгээний хүрээнд багш, сурагч, сургуулийн менежмент, санхүү гээд бүх талын үнэлгээг хийнэ. Энэ үнэлгээний шинэчлэл нь дэлхийн стандарт руу ойртуулж байна.  Дараагийн нэг чухал асуудал нь менежментийн өөрчлөлт хийгдэнэ. Санхүүгийн эрх чөлөө олгоно гэсэн үг. Боловсролын байгууллагуудыг хагас бие даасан санхүүжилтийн тогтолцоо руу шилжүүлнэ. Үр дүнгийн урамшууллаар нь  цалинг нь өгдөг болно. Чадахгүй байгааг нь явуулдаг болно гэсэн үг. Түүнчлэн  багшлах боловсон хүчин, сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгаа сайжирч байна. Тухайлбал, Боловсролын хуульд орон нутагт ажиллаж байгаа багшлах боловсон хүчний орон байрны хэрэгцээг хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ гэдэг заалт орж байна.  Багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн олон агуулга багтаж байна.  Ер нь дэлхий дээр хамгийн шилдэг боловсон хүчнүүд боловсролын салбартаа байдаг. Манайд социализмын үед ч гэсэн багш гэдэг хамгийн өндөр нэр хүндтэй ажил байлаа шүү дээ.  Энэ өөрчлөлтүүдийг бид хийнэ.  Ингэж байж бид Монголын боловсролоо дэлхийд таниулах юм.

 

-Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.  Энэ тухай Боловсролын ерөнхий хууль ямар зохицуулалт орж байна вэ?

 

-Тэгш сурах боломж нөхцөл монголд алдагдсан байна.  Нэг хэсэг нь бүүр тасраад дэлхийтэйгээ хөл нийлээд явчихсан. Эгэл ард иргэдийн маань хүүхдүүд үндсэндээ хаягдаж иржээ. Энэ нь боловсролыг хүртэх боломж нөхцлийн ялгааг харуулж байгаа юм. Цаашлаад нийгмийн хуваагдал руу явчихлаа. Тэгэхээр тэгш боломжийг бүрдүүлэх үүднээс онлайн хичээл үзэх боломжийг нээж өглөө.  Хүүхдүүд маань хаанаас ч мэдлэг авч болно. Түүнийгээ  үнэлүүлээд тооцуулно гэсэн үг. Боловсролын зээлийн сангийн бужигнааныг харахад  зээлийн шалгуурыг хэн хангаад байна вэ гэхээр англи хэлтэй байна.  Хэн англи хэлтэй байна гэхээр  үнэтэй, төлбөртэй сургуульд сурдаг боломжтой айлын хүүхдүүд л байгаа юм. Тогтолцоо нь буруудаад байна. Тэгэхээр бид үүнийг тэгшлэхийн тулд төрийн өмчийн сургуулиудынхаа гадаад хэлний сургалтын сайжруулах ёстой.  Бүгдээрээ англи хэл үзээд тодорхой шалгуурыг хангаад олон улсын зээл, тэтгэлэг, хөтөлбөртөө хамрагдаад явдаг болно. Ингэж байж тэр ялгарал арилна. Тийм учраас англи хэл их чухал гэдгийг ярьж хэлээд байгаа юм. Мөн энэ асуудал дээр Суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль хүчингүй болно.  Энэ хуулиар зээлийг бүрэн тэглэж, чөлөөлдөг байсан. Засгийн газраас холбогдох журмыг гаргаж, хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох юм.  Эдгээр таван хууль маань батлагдаж байж бүрэн хэмжээний реформ болно. Энэ намартаа багтаагаад бүх хуулиа батлах хэрэгтэй байна.

 

-Та тойргийнхоо боловсролын салбарт нэлээд анхаардгийн дээр Дарханы замын талаар байнга байр сууриа илэрхийлж ирсэн.  Замын ажил юу болж байгаа вэ?

 

-Би УИХ-ын гишүүний тангараг өргөөд л энэ асуудалд анхаарна гэж амалсан. Асуудал нэлээд наашилж байна. Өмнө нь бид Дарханаас Улаанбаатар хүрэхэд найман цаг 30 минут явдаг байсан. Харин одоо хурдны хязгаараа бариад явахад гурван цаг орчим явж байна. Гэхдээ ашиглалтад орох болоогүй,  бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна.  Ямартай ч дуусгаад очно гэсэн Дарханчууддаа амалсан амлалтаа биелүүлнэ.  Энэ зам бол Дарханчуудын гэхээсээ илүүтэй Монголын эдийн засгийн хамгийн том суурь, судас байгаа юм.  Европ Ази хоёрыг холбосон олон улсын чанартай том зам. Ажил нэлээд явсан ч ямар нэг нөхцөл байдал тоочоод суудаг, ажлыг удаашруулдаг газрууд байсаар байна. Миний харж байгаагаар энэ жил хоёр эгнээ, дөрвөн урсгал зам ямартай ч нээгдэх байх.  Байгалийн нөхөн сэргээлт, хөвөө хязгаар, тэмдэг тэмдэглэгээ, аюулгүй байдлын тоноглолууд ирэх жилийн хавар дуусах болов уу.

 

-УИХ Үндсэн хуулиа өөрчлөн баталлаа.  Мөн Сонгуулийн хуулиа өөрчилж, одоо Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг эхлээд байна.  Үүнийг тогтолцооны томоохон өөрчлөлт гэж яриад байгаа.  Энэ өөрчлөлтүүдийг та юу гэж харж байна вэ?

 

-Монгол Улсад тогтолцооны өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байлаа.  Тиймээс анхнаас нь дэмжээд явсан. Би зүгээр энгийн математик тооцоолол хэлээд өгье. Би Дархан-Уул аймгаас 25 мянган хүний санал авч сонгогдсон.  Гэтэл Дархан-Уул аймгийн нийт сонгогчдын тоо 75 мянга.  Сонгуульд ирдэг хэсэг нь 50 мянга байлаа.  Гэхэд цаана нь дахиад 50 мянган хүний санал гээгдээд байгаа биз. Тийм учраас яалт ч үгүй пропорциональ элементийг оруулж ирэх ёстой.  Парламент бол ард түмний төлөөлөл. Ард түмний олонхийн саналыг авч байж нийтийг төлөөлөх эрхтэй болно гэсэн үг. Дараагийн нэг асуудал нь бид  Үндсэн хуулиа өөрчлөөд давхар дээлтэй сайд нартай байж болох нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь УИХ-ын  гишүүдийн 30 хувийг Засгийн газрын гишүүн болгож байна. Онолынхоо хувьд Их хурал нь  Засгийн газраа хянаад шахаж шаардаад явах ёстой.  Гэтэл энэ  балансаа алдах магадлалтай болж байна. Тэгэхээр зайлшгүй гишүүдийн тоог өсгөх шаардлагатай байлаа. 

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин