Анги болгонд нэг бондгор жаал байдаг болсоныг эцэг эхчүүд хэдийнээ мэдэх болсон билээ. Хуучин цагт тэднийг бид өхөөрддөг байв. Харин одоо энэ нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хүүхдүүдийн дундах жингийн илүүдэл нь эрүүл мэндийн салбарын өмнө туглгамдсан асуудал болов.

Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний тавдугаар судалгаагаар Монгол Улсын хүн амын бүх бүлэг, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд бичил тэжээлийн дутагдал түгээмэл байгаа нь ажиглагджээ.

 

Бичил тэжээл буюу аминдэм, эрдэс бодисын дутагдал нь Монгол Улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байх бөгөөд тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А аминдэм, 90 хувь Д аминдэмийн дуталтай эсвэл хангалтгүй нөөцтэй байгаа гэсэн судалгаа гарчээ.

Энэ нь тэдний өдөр тутамдаа идэж буй хоол хүнстэй шууд холбоотой аж. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн сангийн хоол тэжээлийн хөтөлбөрөөс гаргасан мэдээллээр манай оронд сүүлийн 20 жилийн хугацаанд хүүхдийн тураалыг 70 хувь, туранхайг 90 хувь бууруулж ахиц гаргаж чадсан ч амин дэм эрдэс бодисын дутагдлын тархацтай орны нэгт багтсан байна. Мөн сургуулийн насны хүүхдийн дунд илүүдэл жингийн тархац 7 дахин, таргалалт 10 дахин нэмэгджээ.

Илүүдэл жинтэй хүүхдүүдийн тоо өсөж, эрдэс бодис амин дэмийн өлсгөлөнд нэрвэгдсэн нь дээрх судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд өөрийн биед хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисын агууламжтай эрүүл, органик хүнсээ хэрэглэж чадахгүй байна гэсэн үг.

Энэ талаар хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав “Манай өсөлтийн насны хүүхдүүдийн дунд хоолны тухай ойлголт тун хангалтгүй байна. Тэр ч утгаараа хэрэглээ бүр ч асуудалтай болсон. Хүүхдүүд байгалийн хүнснээс холдож, боловсруулсан хүнсэнд дурлах болсон. Жимс, ногоо иддэггүй, самар, үр тариа идэх ойлголтгүй байна. ДЭМБ-аас гаргасан гол консефц бол - Хүүхэд эхийн хэвлийд бий болох цагаас хойш хоёр нас хүртэлх үед шим тэжээл өгч чадахгүй дутагдалд оруулбал эргэн нөхөгдөх боломжгүй гэх асуудлыг ярьдаг. Энэ дадал манайд байхгүй. Бидэнд хамгийн ойр байгалийн амин хүчлүүдийн нэгдэл бол хуш модны самар. Бид энэ байгалийн үнэт охийг урагш нь хямд гаргахын оронд хүүхдүүддээ идүүлж хэвшүүлвэл таргалалт, шим тэжээлийн дутагдалд орохгүй" хэмээн ярилаа.

Монголд ургадаг боргоцой самар нь аминдэм болон эрдэс бодисоор бусад таримал самраас арав дахин их байдаг гэнэ. 10 грамм самар микроэлемент болон амин хүчлийн өдрийн хэрэгцээг хангадаг бөгөөд аминдэм А, В1, В2, В6, Д, В12, С, ислэг агуулдаг. Самрын уурагт триптофан, лизин, валин зэрэг 19 амин хүчил агуулагдана. Эдгээрийн 70% нь бие махбодод үл орлогдох, хэсэгчлэн орлогдох амин хүчил тул чанар сайтай уургийн тоонд багтдаг байна.

Хушны самарны ач тусыг нь хэдийнээ судалсан Европын ихэнхи орон өдөр тутмын хэрэглээндээ хэрэглээд хэвшил болгожээ. Хүн өдөрт 100-150гр самар хэрэглэвэл биед хэрэгцээтэй шимт тэжээлээ эрүүлээр нөхдөг байна.