ОХУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн шатахууны хоригт Монгол Улс орсон юм байна. Үүнийг монголчууд хэдхэн хоногийн өмнө Ж.Ганбаатар сайдын амнаас бодитоор ойлголоо.Энэ намрын эхээр ОХУ-ын Засгийн газар зарим орнууд руу экспортолдог түлш, шатахууны нийлүүлэлтэд хориг тавьсан.Тус хоригоос хойш нэг сар орчим Монгол Улс руу дусал ч шатахуун орж ирээгүй гэдгийг салбар хариуцсан сайд нь онцлон хэлж байх юм. Ж.Ганбаатар сайдын хэлж байгаагаар Монгол Улс руу одоогоос л бага сага шатахуун орж ирэхээр болж байгаа аж. Ер нь өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүд дунд орос хэлтэй хүн ховор гэлцдэг.Ганц гайгүй хэлтэй гэгддэг нь Эрхүүд төгссөн УИХ-ын дарга Г.Занданшатар юм уу даа. Тэр утгаараа улс даяар түлш шатахууны эрэл сурал болохтой зэрэгцээд Их хурлын дарга хойшоо ярьж. Ярихаас ч өөр яах билээ. Өмнө нь ОХУ-ын хоригтой зэрэгцэж манайд айлчилсан тус улсын Думын дарга В.Володинтой манай спикер шатахууны асуудлыг угтаа тохирчихлоо гэж ойлгосон юм чинь.Үүгээрээ Г.Занданшатар дарга маань баатар болж, салбар хариуцсан сайд болоод Засгийн газрыг ажил хийх нүүргүй болгосон биз дээ.Гэтэл хоригтой байсныг нэмээд сар орчим хойноос нэг дусал ч шатахуун орж ирээгүй гэдгийг нь Ж.Ганбаатар сайд одоо үүсээд байгаа нөхцөл байдалд тайлбар хийж саяхан хэллээ. Тэгэхээр УИХ-ын дарга ичсэн нүүрэндээ хойшоо ярьж таарна.Өөрөөр хэлбэл “Ах аа та хоригт дүүгээ оруулаагүй, оруулахгүй гэж хэлээ биз дээ” гэх мэтээр арагдан асуух нь тодорхой л доо.Ер нь бол бид хоёрын яриа тохироо зүүдэн зэрэглээ лугаа байсан юм уу гээ байлгүй. Хулхин дээр цэцэг ургуулж л байсан юм уу гэж гомдоллож чадаа болов уу даа. Үгүй шахуу биз дээ. Нэг ийм үйл явдал өрнөж байна.Улс даяар бид шатахууны хомсдолд орсон нь үнэн.Зөвхөн өчигдөр, өнөөдөр хомсдоод байгаа асуудал биш. Олон сар түлшний хомсдолтой байгаа. Үүнээс болоод иргэд бухимдаж эхэлсэн. Тиймээс уг асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар орос хэлтэй гэгдэх Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг хойшоо явуулах гэж байгаа талаар нөгөө л салбар хариуцсан сайд болох Ж.Ганбаатар нь мэдээлсэн. Яагаад Ч.Хүрэлбаатарыг явуулах болов гэдэг асуудал яах аргагүй урган гарч ирнэ. Угтаа УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын дарга нартай уулзаад хэлэлцээр хийгээд, түүнийгээ олон нийтэд ил тод мэдээлчихсэн биз дээ.Гэтэл одоо яагаад Засгийн газраас Ч.Хүрэлбаатарыг дахин явуулах гээд байна вэ. Хэрэв Ч.Хүрэлбаатар явах юм бол Г.Занданшатарын Оростой тохирсон яриа хэлэлцээр зүгээр л ээлжит пропаганда гэдэг нь болно.Их хурлын дарга Засгийн газрын гишүүдийн хооронд үүнээс болж улс төрийн халалт яг үүсэх гэж байхад аз болж ОХУ-ын эрх бүхий албан тушаалтан манайд ирж таарлаа. Таарлаа ч юу байхав, думын дарга нь худал “бүлтэрсэн” гэж дэлхий даяар хэлүүлэхгүйн тулд ирээ биз. Ингээд түүнийг ирсэн даруйд манай УИХ-ын дарга хүлээн авч уулзсан. Энэ нь нэг ёсондоо Г.Занданшатар В.Володин хоёрын ярьсан тохиролцоо хэвээрээ байсан гэдгийг харуулах уулзалт болсон.Уулзалтын үеэр мэдээж яагаад шатахуун манайх руу оруулж ирэхгүй байгааг тодруулна. Гэтэл Оросуудын хэлсэн тайлбар манайхныг цочирдууллаа. Юу гэхээр тэд “Бидний хувьд Монгол руу экспортолдог шатахуун түлшиндээ хориг тавьсан зүйл огт байхгүй. Монгол Улсын хүссэн хэмжээгээр шатахуунаа өгч байгаа гэдгийг манай нийлүүлэгчид бидэнд хэлсэн. Гол асуудал нь танай улсын тээвэрлэлтэд саад учирчихсан юм болов уу гэж бид ойлгосон” гэдэг юм байна. Оросуудын хэлж байгаагаар бол түлш, шатахуун тасарч, хомсдол бий болсон асуудал нь Оросуудад биш манайд байсан болж таарч байгаа юм. ОХУ-ын хувьд Монгол Улсыг анхнаасаа хоригт оруулаагүй аж. Эсрэгээрээ бидний хүссэн хэмжээгээр л шатахууны нийлүүлэлтээ хийж байгаа гэдгийг ОХУ-ын Засгийн газрын гишүүн А.А.Козлов УИХ-ын даргатай уулзах үеэр хэллээ. Мөн тэрээр цаашид түлш шатахууны асуудлаар хоёр улсын харилцааг холбодог хүнтэй болох саналыг ч УИХ-ын даргад уламжлаад амжсан. Энэ бас их сонин санал гэдгийг олон улс судлаачид өөрийн цахим хуудаснаа тасралтгүй бичиж байна. Мэдээж сонин. Хэрэв ийм хүнтэй боллоо гэхэд Засгийн газар хоорондын харилцаа юу болох вэ, ерөнхий сайдын хэрэг байгаа юм уу, Думын дарга Шатар дарга хоёр байхад л болох биш үү гэх мэт дээд түвшний харилцаа будилж эхлэнэ.Тиймээс үүнийг түр орхиё.Түлш шатахууны хомсдол нийгмийн бухимдлыг хүргэж, машинтай жолооч болгон бухимдлаа илэрхийлсээр л байна. Асуудлыг шийдчих хүнийг нийгэм анхааралтай ажиглан харж байгаа.Ийм цаг үеийг улс төрчид өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийн тулд янз бүрийн шийдэл, шийдвэр гарган ирж олон нийтэд танилцуулдаг жишиг манайд тогтсон. Яг л энэ уламжлалаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түлш шатахууны импорттой холбоотой мэдээллийг гаргаж ирэн тодорч эхлэв Нөгөө шууд харилцах тусгай хүн нь ч юм уу гэж горьдмоор. Тэрээр “Ойрын хугацаанд 730 вагон түлш ОХУ-аас оруулж ирэхээр болсон. Арваннэгдүгээр сарын 29-нд 117 вагон, 30-нд нь 54, 12 дугаар сарын 1-нд 67, 2-нд нь 120, нийт 350 гаруй вагон түлш Монгол Улсад орж ирнэ” гэж мэдээллээ. Засгийн газрын гишүүн ч биш бүр салбар хариуцсан сайд ч биш байж Монгол Улс руу түлш шатахууны их үер удахгүй орж ирэх гэж байна гэдэг мэдээллийг хийсэн. Тэгэхээр нөгөө орос даргын нэхээд байгаа “коминтерны төлөөлөгч” нь тодорч гэж бодохоос ч яахав.

Гэтэл Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг ОХУ руу түлш, шатахууны асуудлыг зохицуулахаар явуулах гэж байгаа гэдэг мэдээлэл түгсэн байна. Би явахгүй шүү. Энэ бол худлаа мэдээлэл” гэж нийгэмд мэдэгдлээ. Угтаа танхимынх нь гишүүн Ж.Ганбаатар л түүнийг явах гэж байгаа гэж хэлсэн биз дээ. Үүнээс харвал түлш шатахууны асуудлаар ОХУ-ын талтай УИХ-ын дарга түрүүлээд уулзчихаар мань Ч.Хүрэлбаатар сайд нэрээ татаж байгаа хэлбэр гэж ойлгогдохоор.Ингэхдээ танхимынхаа сайд Ж.Ганбаатараа худалч болгочихож байгаа юм. Улс төр хийнэ гэдэг энэ л дээ.Ингээд Ж.Ганбаатар сайдын хэлсэн ярьсан зүйл хэдхэн хоногийн дотор шал эсрэг эргэчихлээ. Тэрбээр бараг л оросууд шатахуун өгөөд байсныг бид мэдээгүй яваад

байж хориг мориг байгаагүй юм байна. Нааш нь л зөөж чадахгүй мунгинаад байж гэх ухааны юм яриж эхэллээ. Бас шатахууны асуудлыг би биш Ч.Хүрэлбаатар сайд явж зохицуулна гэж хэлсэн ч үүнийг нь Ч.Хүрэлбаатар өөрөө үгүйсгэлээ. Бүр шатахуун тасарсан нь Зам тээврийн салбартай холбоотой. Өөрөөр хэлбэл, төмөр замын тээвэрлэлтэд гацаа үүссэн гэж бусад бүх дарга сайд бүүр нөгөө орос дарга хүртэл хэлцгээв. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур болох ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Манай төмөр зам ачаа тээврээ хэвийн үргэлжлүүлж байгаа.Төмөр замын хувьд байгаа шатахуун болгоныг оруулж ирж байгаа” гэж телевизийн ярилцлагад орохдоо онцлон хэллээ. Ингээд харвал орос, монгол нөхдийн дуу нэгтэй хэлээд байсан төмөр замын гацаа манайд л лав байхгүй юм байна гэж ойлгогдохоор. Яг үнэндээ Монголын ард түмэн хэнд нь итгэх ёстой вэ. УИХ-ын дарга нь нэг өөр зүйл ярьдаг. Засгийн газрын бодлого нь тодорхой бус. Салбар, салбарын сайд нарынх нь үг үйлдэл байнга зөрдөг. Ийм улстөрчтэй төрийн бодлого яаж тогтвортой, яаж зөв явах вэ гэдэгт ард түмэн эргэлзэж эхэллээ. Тэр дундаа сайд нарын байр суурь нэгнийгээ үгүйсгэсэн байдалтай болж даамжирсан тул ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түлш шатахууны асуудлаар үг дуугарсан. Тэрбээр “Бид зөвхөн Оросоос биш мөн Хятад улсаас дизель түлш оруулж ирж байгаа” гэж мэдэгдсэн. Мэдээж УИХ, Засгийн газрын түвшинд асуудлыг зохицуулах гэж дор бүрнээ хөөцөлдөж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч яаж зүгээр суух билээ. Яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж байгаа. Энэ үеэр тэрээр тус улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийсэн. Уулзалтаар яригдсан зүйл нь мөн л түлш шатахуун авах тухай яриа байлаа. Энэхүү яриа хэлэлцээр бодит болбол магадгүй Монгол Улс ирэх жилүүдэд түлш шатахуунаа гурван эх үүсвэрээс авах боломж бүрдэх бололтой.Ямартаа ч өнгөрсөн хэдхэн хоногт түлш, шатахууны асуудлаар төр засгийн хэмжээнд иймэрхүү дуулиан шуугиан боллоо. Орос, Монгол гэлтгүй сайд, дарга нар Монгол Улсыг шатахуунд “живүүлэх” гэж байгаа мэтээр өнгөрсөн хэдхэн хоногийн хугацаанд сүржигнэцгээлээ. Оросуудын ярьж байгаагаар манай улсыг ямар ч хоригт оруулдаггүй юм байж. Өгье, авъя гэсэн болгоныг л хүссэн хэмжээгээр нь өгдөг гэлээ. Манай сайд, дарга нарын ярьж байгаагаар бол Монгол Улс удахгүй шатахуундаа “живэх” бололтой байна. Орос, Хятад бүр Арабаас хүртэл түлш шатахуунаа авчих юм гэнэ. Гэтэл өнөөдөр бензин, түлшиндээ ханачихсан тэр колонкууд чинь яагаад хувхай хоосон байгаад байгаа юм бэ. Орон нутаг, Улаанбаатарт ч ялгаагүй бүх шатахуун түгээгүүр түлш, шатахуунгүй болоод зогсчихсон машинуудаар дүүрлээ. Жирийн малчид чинь малтайгаа зэрэгцүүлээд машинаа хөлдөөгөөд дууслаа. Бодит амьдрал ийм л байна. Ер нь түлш шатахууны хомсдол дээр сонгууль дөхсөн хаврын улс төр хийх гэж байгаа үзэгдэл л одоогоос нэвт шувт харагдаж байна. Эрх баригчдын шүтээн болсон Орос ах нар нь ч үүнийг нь мэддэг бололтой. Хэнийг өөд нь татах уу хэнийг гутаах уу гэх зэргийг тэд л мэддэг аж. Үүний нэг тод жишээ бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн байлаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Ер нь түлш шатахууны асуудлыг сонгууль хүртэл энэ мэт аргаар явуулах нь бололтой. Зөвхөн Оросоос бид шатахуунаа авах ёстой, тэд минь л бидэнд хориг битгий тавьчхаасай гэсэн долоогчид улс төрд олширох нь. Тэд нь арай тасалчихгүй шиг амсуулсаар сонгуультай золгох биз. Биднийг сонгохгүй бол түлш байхгүй шүү гээд ман-ыхан гүйлдэх юм байна л даа.

Э.МӨНХТҮВШИН

ӨДРИЙН СОНИН