Д.Баясгалан: Төмөр замыг эх орны даалгавар хэмээн хүлээж авч дуусгасан
2023/12/22
Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол дөрөв дэх (2023.12.21) өдрөө үргэлжилж байна.Улсын Их Хурлын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй тус нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өнөөдөр “Эрдэнэс тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан юм.
Тэдний нэг Бодь Интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн Дарга Д.Баясгалан сонсголд оролцов.
Энэ үеэрээ Д.Баясгалан: "Гашуунсухайтын төслөөс өмнө Зүүнбаянгийн төсөл эхэлсэн байсан. Энэ саналыг Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Монгол Улсын Ерөнхийлөгч асантай холбох гээд байх шиг байна. Яг үнэндээ тэр хүн Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа жийрхдэг болчихсон байсан. Өөртэй нь л дандаа холбогдоно. Тиймээс би Зүүнбаянг эхлүүлсэн гэж боддог. Энэ бол бүх утгаараа Засгийн газрын шийдвэр. Биднийг төмөр зам барьж эхлэхэд Хятадын талынхан огт итгээгүй. Та нар 10 гаруй жил ярьсан биз дээ, барьсны чинь дараа л холболтоо ярья гэдэг байсан. Холболт зөрсөн, түвшин зөрсөн гэх яриа огт байгаагүй. Цэгээ тохироогүй юм чинь яаж зөрөх вэ.
Гашуунсухайт дээр бүтээн байгуулалт эхлэхэд л, 2021 оны тавдугаар сараас Монголын тал, Хятадын талтай төмөр замын холболтоо ярьж, тус улс хүлээж авсан.
Манай ажлын хүрээнд БНХАУ-ын хилийн цэгт хүргэх ажил орчихсон байсан. Өөрөөр хэлбэл манайх хил холболтоо хийх байлаа.
Захиалагчийн зүгээс маш олон удаагийн гэрээ хэлцэл ярьсаар байгаад одоогийн Ганц мод талаас Шинхуагийн төмөр замын цэгээр хос царигаар холбох техникийн шийдэл гаргасан. Тэр шийдлээр БНХАУ-ын талд өргөн төмөр замын терминал байгуулагдана. Монголын талд нарийн төмөр замын терминал байгуулагдана. Нийтдээ Ганц мод талдаа Хятадын тал 700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нэмж өргөтгөнө. Монголын тал 200-250 сая ам.доллароор хил холболтоо хийхээр болсон.
2022 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлий олимпын үеэр очиж, Ши Жиньпин даргатай уулзаж эцсийн цэгээ тохирсон. Ажлын зураг, техникийн асуудлууд 2022 онд яригдсан. Хил дамнасан инженерийн байгууламж учраас зураг төслийг Хятадын талаар хийлгэе гэдгээ хоёр тал тохирсон. Монголын талд оногдох зураг төслийн өртөг нь 5.3 сая ам.доллар болсон.
Зураг төсөл хийсний дараа Монголын талаас Хятадын хил хүрэх барилга байгууламжийн ажлаа 2024 онд дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл гэрээ, нууц зэрэг асуудлаас болоод зогссон. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК хил холболтын зураг төслийн тендерийг 3-4 удаа зарласан байдаг.
Одоо хил холболтыг ярьдаггүй хүн гэж байхгүй болсон. Энэ бол ажил хэргийн журмаар хийгдчих байсан ажил. Гэтэл Хятадын талд далим болох шиг боллоо. Одоо Хятадууд бөөн нөхцөл тавьдаг болсон. Эхний таван жилд таван сая тонн нүүрс өг, жил бүр 20 сая тонн нүүрс өг, хил холболтын бүтээн байгуулалтыг Хятадын компани хийж, төлбөрийг зөвхөн нүүрсээр авна гэх мэтээр.
Төсөвт өртөг нь 200-250 сая ам.доллар байснаа сүүлд сонсоход бараг 400 сая ам.доллар болсон гэсэн. Энэ хэлэлцээр Шинхуатай үргэлжилж байгаа. Бүр сүүлдээ та нар 20 сая тонн нүүрс нийлүүлж чадахгүй тул "Эрдэнэс Тавантолгой"-д очиж олборлоё гэж байна. Тэгэхээр энэ бүхнээс Монгол Улс хохирсон. 16 орны 700 гаруй компани манай туслан гүйцэтгэгчээр орсон. Би үүнд нэг зүйлийг хариуцлагатай хэлмээр байна. Манайх энэ ажлыг гүйцэтгэж байхад ямар ч улс төрч, сайд дарга нар, аль ч намаас чи энэ ажлаа өгчих гэж хэлж байгаагүй. Харин цар тахлын үеэр бид энэ ажлыг дуусгахад хүмүүс үнэхээр санаанаасаа дэмжиж байсан. Энэ бол эх орны даалгавар хэмээн хүлээж авч дуусгасан.
Тиймээс хэн нэгэнд авлига хахууль өгөх, шаардлага огт гараагүй. Надаас нэхсэн хүн ч байхгүй." гэв.
Зочин · 2023/12/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/22
S XUSLEER80955877