Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр хэлэлцэх асуудлын нэг нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээний талаар байв. Энэ хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар гэрчээр оролцлоо.

УИХ-ын гишүүн Д.Доржханд тус компанийн санхүүгийн байдал, олон улсаас хөрөнгө татах боломж бий эсэхийг сайд асан Д.Сумъяабазараас асуулаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Эрдэнэс Тавантолгой" гэж 3.2 их наядын өртэй компани үүссэн байна. Маш олон төсөл, уурхайг санхүүжүүлдэг, цавчаа явдаг. Цавчаа гэдэг чинь авлига. Бүх алдагдлыг өөртөө үүрдэг саалийн үнээ болсон байна. Ийм их алдагдалтай байвал яаж хөрөнгө оруулалт олох вэ. Та IPO хийх гээд явж байсан, бүтээгүй гэлээ. Ийм байдалтай байхад сонирхох компани гарч ирэх үү, бүтэх үү?

Сайд асан Д.Сумъяабазар: -Та ОУВС-д ажиллаж байсан хүн. Үнэлгээ, олон улсын биржийн шалгуур ямар байдгийг сайн мэдэж байгаа байх. Одоогийн нөхцөл байдалд хөрөнгө оруулалт татах, босгох, олон улсаас хөрөнгө төвлөрүүлэх ажлыг хийх ямар ч бололцоо байхгүй. 

Маш олон ачаалал автоматаар бий болгосон. Өр төлбөрийн асуудал замаа алдсан. Бидний харж байснаар 1,072 хувьцааг эдийн засгийн оруулах байсан. 

Үнэлгээ нь улс төрийн үнэлгээ байсан. Нэг иргэнд олгох 536 гэгдэж байсныг хоёр намын өрсөлдөөн явж байсан, хоёроор үржүүлж 1,072 болгоод хүн амдаа хувааж 933 төгрөг гэж гараад ирсэн. Энэ бол улс төрийн үнэлгээ, зах зээлийнх биш. 

Гаднын сайн менежментийн багт өгч цэгцлэхгүй бол өөрсдөө яваад бүтэхгүй. 

Тавантолгой уг нь дэлхийн нүүрсний тэргүүлэх тоглогч болох боломж байсан. Бид цонх үеэ алдсан. Алдаа гаргасан бол засаж болно, гэхдээ хулгай байж болохгүй. Гаднын баг оруулж байж улс төрөөс хамааралгүйгээр явуулбал өндийх байх. Нүүрсчдийн нам ба бусад гэдэг болчхоод байгаа. 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр түүнээс дараах асуултыг асууж, хариулт авав. 



Б.Энхбаяр: Өмнө нь "Эрдэнэс Тавантолгой майнинг" компани байгуулж ажиллаж байсныг шинжээч хэллээ. IPO гаргана гэж ажиллаж байгаад яагаад бүтэлгүйтсэн бэ? 

Д.Сумъяабазар: Би 2017 оны аравдугаар сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тохоон томилогдож байсан.

Уул уурхайн салбар нь зөвхөн нүүрсний тухай ойлголт биш. Тухайн үед Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан У.Хүрэлсүх даргаас үүрэг даалгавар авсан.

Улмаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүлэг ордыг ямар байдлаар цааш авч явах бодлогын шийдэл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг чиглэлтэй ажилласан.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарч, нээлттэй компани болгосноор гадаадын хөрөнгө оруулалт татах санал дэмжигдсэн.

Олон улсын хөрөнгийн бирж дээр гарснаар нүүрсний хулгай гарахгүй байх нөхцөл бүрдэх байсан гэж үзэж байсан.

Гэвч олон улсын хөрөнгийн биржийн өндөр шалгуурыг тухайн үеийн ЭТТ ХК давж дийлээгүй. Техник, эдийн засаг, хууль эрх зүйн орчноороо дийлэхгүй юм байна гэх шийдвэрт хүрээд байлаа.

2018 оны наймдугаар сарын 8-ны тогтоолоор эрх шилжүүлэх буюу УУХҮЯ руу эрх шилжүүлээд

  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувь
  • УУХҮЯ 70 хувийн оролцоотойгоор ЭТТ-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэхээр явсан.

Бидний тооцооллоор "Эрдэнэс Тавантолгой майнинг" компанийг байгуулаад энэ компанид суурилан цаашдаа олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажил 90 орчим хувь нь хийгдсэн байсан.

Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтсэн юм бэ? 

Д.Сумъяабазар: Улс төржилт. Хүний, өөрийн нэгдсэн ААН-үүд л эсэргүүцэж, зогсоосон. Уг нь өнөөдрийн нөхцөлд хүрэхгүй байх бололцоо байсан.

Нүүрсний борлуулалтын далд ашгийг дэмжсэн тогтвортой байдлыг бий болгох, ашиг сонирхлоо хадгалах үүднээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах ажлыг зогсоосон.